Цаг үе

Аудитаар нийт 1.1 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илрүүллээ

Төрийн аудитын байгууллагаас Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн шууд захирагчдын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудитыг хуулийн хугацаанд буюу хоёрдугаар сарын 25-ны дотор хийж, гүйцэтгэлээ. Улсын хэмжээнд нийт 2,795 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргаад байна. Үүнээс “Зөрчилгүй” дүгнэлт 2467, “Хязгаарлалттай” дүгнэлт 297, “Сөрөг” дүгнэлт 26, “Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” 5 дүгнэлтийг өгч ажилласан. Аудитаар нийт 1.1 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс нягтлан бодох бүртгэлтэй холбоотой 764.4 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 12.9 тэрбум төгрөгийн 1,298 төлбөрийн акт тогтоож, 262.7 тэрбум  төгрөгийн 2,533 зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх албан шаардлага хүргүүлж, 92.8 тэрбум төгрөгийн 4,046  зөвлөмж хүргүүлээд байна. Одоогийн байдлаар Төсвийн төвлөрүүлэн захирагчид болон Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайланд хийх аудит үргэлжилж байна.

Мөн Төрийн аудитын байгууллагаас 2020 оны санхүүгийн тайлангийн аудитыг хийхдээ шалгагдагч байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хослуулсан байдлаар хяналт тавьж ажиллалаа. Энэ хүрээнд нийт Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаагүй нийт 655 байгууллага, албан тушаалтанд зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлж, 1009 зөвлөмжийг өглөө. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу ҮАГ-т шинээр байгуулагдсан Шилэн дансны хяналтын хэлтэс нь цахим систем ашиглан төсөв захирагчдын санхүү, төсвийн холбогдох мэдээллийн сан бүрдүүлж, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд байнгын хяналт тавих бодит цагийн аудитыг гүйцэтгэх тогтолцоог нэвтрүүлж, холбогдох цахим системийн загвар, аргачлалыг боловсруулж байна.

Төрийн аудитын байгууллага Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2021 оны 2 дугаар сарын 11-23-ны өдрүүдэд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд бодит цагийн аудитыг хийж, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлээд байна.

“Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд урьдчилсан гүйцэтгэлээр 442.3 мянган иргэнийг хамруулж, нийт 18.4 тэрбум төгрөгийн зардал гаргаж, анхны шинжилгээгээр халдварын 56 тохиолдлыг илрүүлсэн байна.

Нийтлэг гарсан зөрчлөөс дурдвал:

Аудитын дүгнэлтэд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хэрэгжилтэд МХЕГ, ЭМЯ, НЗДТГ-ын ХШҮХ-ээс хяналт тавьж, тодорхой зөрчлүүдийг арилгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан гэдгийг онцолж,  бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 94.5%, нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийн хөдөлгөөнийг 96.5% хүртэл хязгаарлан дэглэмийг сахиулж ажилласан байна.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР

Boss
the authorBoss