Б.Жавхлан: “Эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн ТӨК-уудыг ойрын хугацаанд татан буулгаж, нэгтгэн нийлүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Залуусыг хөдөлмөрт бэлтгэх талаар авах арга хэмжээ болон төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар болон улсын төсөвт үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээг танилцуулж, хийж тэмдэглэлээр үүрэг авлаа. Өмнө нь би 2021 оны төсөв болон 2020 оны төсвийг тодотгох үеэр Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг өмчийн болон эдийн засгийн хувьд ашигтай байлгах үүднээс бүтцийн өөрчлөлт хийх, ашигтай ажиллуулах талаар хөндөж байсан. Энэ удаад Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд эхний 100 хоногт багтааж хийх ажлын тэргүүн эгнээнд төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх, ашигтаж ажиллуулах асуудал орсон. Өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 аж ахуйн нэгж байгууллага байна. Үүнийг задалбал, төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллага 107, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллага 232 байна. Эдгээр компанийн санхүү болон бусад үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, дөрвөн хэсэгт хуваан бүтцийн өөрчлөлт хийхээр тогтлоо.
Нэгдүгээр, хэвийн буюу цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжтой компаниуд,
Хоёрт, эрсдэлтэй буюу цаашид нэн яаралтай бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай компаниуд / 15 компани/,
Гуравт, анхаарал татсан, алдагдал нь нэмэгдэх магадлалтай компаниуд,
Дөрөвт, асуудалд орсон компаниуд гэж ангилах замаар бүтцийн өөрчлөлт хийнэ.
2019 оны эцсийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 компанийн нийт баланс 37 их наяд төгрөгт хүрч, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэж гарсан. Гэхдээ нийт ашгийн 1.1 их наяд төгрөг Эрдэнэт үйлдвэрээс, 440 тэрбум гаруй төгрөг нь Эрдэнэс-Тавантолгойгоос олсон ашгаас бүрдсэн. Бусад компаниуд 230 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тиймээс эдгээр компаниудыг цаашид гурван чиглэлээр арга хэмжээ авна. Мөн өмчлөлийн хувьд гурван чиглэлд хувааж бүтцийн өөрчлөлт хийнэ.
Мөн хурлаар ТӨК, ТӨҮГ-уудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонссон. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэхдээ санхүүгийн балансын дүн шинжилгээгээр “Эрсдэлтэй” гэсэн үнэлгээ авсан ТӨК-уудыг ойрын хугацаанд татан буулгаж, нэгтгэн нийлүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг хэллээ.
Ийм үнэлгээ авсан 17 компани байгаа ч тэр дотроос татан буулгахгүй компани ч байгааг нэмж тайлбарлав.
Төрийн өмчит компаниудын ангиллыг цаашид илүү тодорхой болгохоор төлөвлөсөн байна.
Тухайлбал, эрчим хүч, дулаан гэх мэт төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай, төр 100% эзэмших ёстой салбаруудыг ангилаад бусад компаниудыг бүтцийн шинэчлэлд оруулах аж.
Эдийн засгийн үр ашиггүй ажиллаж байгаа компаниудын 34 хүртэлх хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгож замаар хяналт, засаглал, үр ашгийг сайжруулах зэргээр төрийн өмчит компаниудад шинэчлэл хийхээр төлөвлөснөө Засгийн газарт танилцуулжээ.
Т.Цэлмэг \Bossnews\