Цаг үе

ГЕРМАН, ФРАНЦ “ASTRAZENECA”-Г АШИГЛАХАА ТҮР ЗОГСООЛОО

“AstraZeneca”-ийн вакциныг вакцинжуулалтад ашиглахаа түр зогсоохоор шийдвэрлэсэн Европын орнуудын тоо нэмэгдлээ. ХБНГУ-аас гадна Итали, Испани, Португал, Франц тэргүүтэй улс “AstraZeneca”-ийн вакциныг вакцинжуулалтын хөтөлбөртөө ашиглахаа түр зогсоогоод байна. Энэхүү вакциныг хийлгэсэн хүмүүст цус бүлэгнэх шинж тэмдэг илэрсэн гэх асуудалтай холбоотой байгаа юм. Энэ асуудал Европын Холбооны улс орнуудад вакцинжуулалтын ажил удаашрахад хүргэж байна.

Түүнчлэн Азийн орнуудаас Тайландаас гадна Индонез улс “AstraZeneca”-ийн вакциныг ашиглахаа зогсоогоод байна. Герман улс “AstraZenecа”-ийн вакцинаас гурван сая орчим тун хүлээн аваад байснаас талыг нь вакцинжуулалтад ашиглажээ. Харин “Pfizer”-ийн вакцинаас долоон сая орчим тун авсан байна.

Үүнээс гадна энэ оны эцсээр эсвэл ирэх оноос “COVID-19”-ийн эсрэг илүү өндөр үр нөлөөтэй 6-8 шинэ вакцин гарахаар байгааг Дэлхий Эрүүл Мэндийн Байгууллагын судалгааны багийн ахлах эрдэмтэн мэдээлээд байна. Одоо туршилтын шатандаа байгаа эдгээр вакцинуудын дунд тасалгааны температурт хадгалж болдог вакцин ч байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 126 улс “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалт явуулж байна. Вакцинжуулалт эрчимжиж улс орнууд өдөрт дунджаар 9.1 сая тун вакцин ашиглаж байгаа бөгөөд нийт дүнгээрээ 381 сая тун вакцин хийгээд байгаа аж.

АНУ вакцинжуулалтад 109 сая тун вакцин ашигласан байна. Тус улс өдөрт дунджаар 2.4 сая тун вакцин хэрэглэж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм. Харин БНХАУ вакцинжуулалтад 64 сая тун вакцин ашигласан дүнгээр АНУ-ын араас бичигдэж байна.

Г.Баяр \Bossnews\

Boss
the authorBoss