Цаг үе

Байлдагчийн биеийн байдал маш хүнд байсан учраас зөвхөн эмийн эмчилгээ хийж байжээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б нь даргадаа зодуулсан хэрэг гуравдугаар сарын 29-нд гарсан. Тархиндаа хүнд гэмтэл авсан цэргийг  Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт  хэвтүүлэн эмчилж байсан юм.  Харамсалтай нь  уг  цэрэг өнгөрсөн шөнө нас баржээ. Цэргийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн  эмийн  эмчилгээ хийж байжээ. Биеийн байдал нь маш хүнд байсан  учраас мэс засал хийх боломжгүй байсан  аж.  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ, чанар хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Б.Хандмаа News агентлагт өгсөн мэдээлэлд “Байлдагч нь энэ сарын 29-ний шөнийн 01.30 минутад биеийн байдал нь хүнд, ухаангүй байдалтай хүргэгдэн ирсэн. Эрчимт эмчилгээний тасагт эмийн эмчилгээ хийлгэх явцад гуравдугаар сарын 30-ны 23.15  цагийн үед нас барсан. Нас барах үедээ тархины цус харвалт, тархины ком, тархины төвийн даралт, амьсгал зүрх судасны архаг дутагдал, уушгины хатгалгаа гэсэн оноштой нас барсан. Байлдагч нь уушгины хатгалгаатай байсан. Бид биеийн байдлыг нь үнэлж, эмийн эмчилгээ хийж байсан. Хамгийн гол нь дараагийн оношилгоо, эмчилгээ хийх асуудлаар зөвлөх эмчтэйгээ өчигдөр уулзаж, зөвлөгөө авсан. Харамсалтай нь, байлдагчийн биеийн байдал хүнд, ухаангүй байдалтай байсан тул мэс засал даах боломжгүй тул эмийн эмчилгээг үргэлжүүлж байсан” гэжээ. Хэрэгт холбогдогчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Г.Ууган-Эрдэнэ \Bossnews\

Boss
the authorBoss