Оюутолгой компани Force majeure зарлаж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсноо мэдэгдлээ
“Коронавирус”-ийн халдвараас сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор Монгол Улс-БНХАУ-ын хил дээр хязгаарлалтуудыг чангатгаж, зэсийн баяжмалын экспорт түр зогсоод байна. БНХАУ-ын худалдан авагчидтай байгуулсан зэсийн баяжмал нийлүүлэх гэрээний хүрээнд “Оюу Толгой” компани “Force majeure” зарласан талаар “Turquoise Hill Resources” мэдэгдлээ. Энэ нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэсэн үг аж. Энэхүү мэдээллийн дараа Нью-Йоркийн Хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш 0.12 хувиар буурч, 16.04 ам.доллар болсон байна.
Монгол Улсын Засгийн газар зэсийн баяжмалын тээвэрлэлтийг хэвд нь оруулах талаар БНХАУ-ын талтай ажиллаж байгаа гэдгийг өмнө нь мэдээлж байсан юм.
“Turquoise Hill Resources”-ийн мэдээлснээр “Оюу Толгой” төслийн уурхайд “Covid-19”-ийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор тус компани шаардлагатай арга хэмжээ авч, 9726 удаагийн PCR шинжилгээ хийжээ. Хариу нь бүгд “Сөрөг” гарсан талаар мэдээллээ. Үйл ажиллагааны хувьд ил уурхай, баяжуулах үйлдвэр, савлах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юм байна. Харин шинжилгээ авах үеэр ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс гүний уурхайн үйл ажиллагааг зогсоожээ. Түүнчлэн Улаанбаатараас “Оюу Толгой” төслийн талбай руу зорчих хөдөлгөөнийг түр зогсоогоод байгаа юм байна.
Үүний зэрэгцээ “Оюу Толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн асуудлаарх Монгол Улсын Засгийн газар болон “Rio Tinto”-ийн яриа хэлэлцээ энэ долоо хоногт Улаанбаатарт эхлэх хүлээлттэй байна.