улс төр

БАРИМТ: Г.Ёндон сайдын “цэргүүд” төсвийн мөнгөөр тансаглаж, туйлсаар байна

Үндэсний аудитын газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит ил болгожээ. Энэхүү тайланд дурдснаар аудитаар нийт 408,515.6 сая төгрөгийн ЗӨРЧИЛ илэрснээс 308,184.2 сая төгрөгийн 35 алдааг аудитын явцад залруулж, залруулагдаагүй нийт 100,337.6 сая төгрөгийн алдаа, зөрчлөөс 759.1 сая төгрөгийн зөрчилд 14 ТӨЛБӨРИЙН АКТ тогтоож, 72,003.6 сая төгрөгийн зөрчлийг арилгах 52 албан шаардлага хүргүүлж, 27,574.6 сая төгрөгийн алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх 73 зөвлөмж өгсөн байна.

Харин Төсвийн ерөнхийлөн захирагчийн аудитаар нийт 17,288.7 сая төгрөгийн АЛДАА ЗӨРЧИЛ илэрснээс, 329.2 сая төгрөгийн алдааг залруулж, 41.3 сая төгрөгийн 1 зөрчилд төлбөрийн акт, 16,482.5 сая төгрөгийн 2 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 435.7 сая төгрөгийн алдаа зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 1 зөвлөмж өгсөн талаар тайланд тусгажээ. 

Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас илэрсэн НОЦТОЙ ЗӨРЧЛҮҮДИЙГ тоймлон танилцуулъя. 

  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс тогтоол гарган, төсвийг батлан, гүйцэтгэх захирлыг 2019 оны 9 дүгээр сард Оксфордын их сургуулиас зохион байгуулсан сургалт семинарт оролцуулахаар сургалтын төлбөрт 13.2 сая төг, зочид буудлын төлбөрт 3.0 сая төгрөг ИБУИНВУ руу шилжүүлсэн боловч сургалтад яваагүй байна. Иймээс мөнгөө буцаан авах хүсэлт явуулсан боловч буцаагаагүй байна /дараа жил ирж суралцах боломжтой гэсэн/. Гэтэл 3.0 сая төгрөгийг 2019 онд, 13.2 сая төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 30-нд авлагыг хааж, зардалд бичсэн байна.
  • “Эрдэнэс Монгол” ХХК нэр бүхий 7 ажилтны цалин, ээлжийн амралтыг давхардуулан, 20.8 сая төгрөгийг олгосон байна. 
  • Захирлууд болон ТУЗ-ийн дарга, гишүүдийг “Хаан даатгал”-ын “Удирдлагын хариуцлагын даатгал”-д 2019 оны 11 дүгээр сарын 2-ноос 1 жилийн хугацаатай 68.8 сая төгрөгийн гэрээ байгуулж, 2019 онд 50 хувийг, 2020 онд үлдэгдлийг шилжүүлсэн. Мөн нийт ажилтнуудыг “Хаан даатгал”-д 2020 оны 11дүгээр сарын 20-ноос 1 жилийн хугацаатай хамруулж 56.7 сая төгрөгийн гэрээ байгуулж, үргүй зардал гаргасан. 
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэр бүхий 2 удирдах ажилтанд 78.0 сая 
  • төгрөгийн цалингийн урьдчилгаа олгосноос 2020 оны эцэст барагдаагүй 59.5 сая төгрөгийн үлдэгдэл байна.
  • “Эрдэнэс Монгол” ХХК нэр бүхий 13 ажилтанд үндэслэлгүйгээр нийт 46.6 сая төгрөгийн нэмэгдэл /ямар нэмэгдэл нь тодорхойгүй/ цалин олгосон.
  • “Шивээ-Овоо” ХК Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс илүү олгосон. 
  • “Монгол Росцветмет” ТӨҮГ Нийгэм соёлыг хөгжүүлэх сангаас зориулалт бусаар 92.3 сая төгрөгийг хавтгайруулан олгосон. 
  • “Монгол Росцветмет” ТӨҮГ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойн ном хэвлэх зардалд 4.0 сая, урилга дугтуй хэвлэлийн зардалд 3.5 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан.
  • “Монгол Росцветмет” ТӨҮГ-ын захирлын тушаалаар нийт ажиллагсдад урамшуулал, удаан жилийн нэмэгдлийг давхардуулан 580.5 сая төгрөгийг олгосон. 
  • “Монгол Росцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрийн газрын захирлын 2019 оны А/485 тоот “Захиргаа, харьяа үйлдвэрийн ажиллагсдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгох тухай” тушаалаар 23 хүнд 114.8 сая төгрөгийн сургалтын төлбөрийг Нийгэм соёлыг хөгжүүлэх сангаас олгосон.
  • “Мон-Атом” ХХК хүлээн авалт, уулзалтын зардлыг тушаал шийдвэргүй гаргасан.
  • “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК тушаал шийдвэргүй уулзалт, цайллагын үйл ажиллагаанд мөнгө зарцуулсан. 
  • “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК бусдаас түрээсэлдэг байр талбайн түрээсийн төлбөрийг дээд газрын шийдвэрээс илүү үнээр түрээсэлсэн.
  • “Эрдэнэс үйлдвэр” ТӨҮГ газар, хэлтсийн дарга нарын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг тухайн сургуулийн нэхэмжлэхийг үндэслэн байгууллагаас төлсөн.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр бүхий 7 гишүүнд Засгийн газраас тогтоосон хувь хэмжээнээс нийт 52.7 сая төгрөгөөр илүү цалин олгосон. 
  • “Эрдэнэс Алт Ресурс” ХХК ус байгууллага нь Ланд 200 маркын 52-70 УБҮ улсын дугаартай 1 машинтай байна. “Аюуд пропорти” ХХК-тай хийсэн түрээсийн гэрээгээр 2 машины зогсоол түрээсэлж түрээсийн төлбөрт 1.1 сая төгрөг илүү төлсөн байна. 

Энэ бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас илэрсэн ноцтой зөрчлүүдийг түүвэрлэн хүргэсэн байдал. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны аппарат албан ажлын суудлын машин хэрэглэх эрх бүхий албан тушаалтнуудад унааны мөнгө 2.0 сая төгрөгийг илүү олгосон байна. Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжүүлсэн цаг ийнхүү Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагууд унааны мөнгө авч тансаглажээ. 

Мөн тайлант онд төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн урамшуулал олгохдоо холбогдох журамд заасан хувиас хэтрүүлэн нийт 312.4 сая төгрөгийг илүү олгосон, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай худалдан авалт хийх санхүүжилт олгосныг 4.9 сая төгрөгийг үрэлгэн, 77.2 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан нь аудитын шалгалтаар тогтоогдсон байна. 

Та бүхэнд энэ мэдээллийн дэлгэрэнгүй хувилбарыг цувралаар хүргэх болно.

Г.Баяр |bossnews.mn|

Boss
the authorBoss