улс төр

Ц.Цогзолмаа, Л.Цэдэвсүрэн, Су.Батболд нар Төрийн албаны зөвлөлийн даргад өрсөлдөж байна

Төрийн албаны зөвлөлийн даргаар сонгогдсон  Б.Баатарзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа аж. 

Төрийн албаны тухай хуульд “Төрийн албаны зөвлөлийн даргаар зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн саналаа нууцаар хурааж, олонхын санал авсан хүнийг гурван жилийн хугацаагаар сонгоно” хэмээн заасан байдаг. Хэдийгээр Төрийн албаны зөвлөлийн даргыг 1 удаа улираах боломжтой ч засгийн эрхийг барьж буй МАН дотор шинэ горилогчид сунгаанд хэдийнээ гарчээ.  Тодруулбал, Б.Баатарзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохтой зэрэгцэн шинэхэн даргын нэрс хэд хэдээрээ тодорсон байна.

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж, бүдэрч өдгөө УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж буй Ц.Цогзолмаа, БСШУ-ы сайдаар ажиллаж байгаад өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуулийн зөвлөхөөр ажиллаж буй Л.Цэдэвсүрэн, УИХ-ын гишүүн асан Су.Батболд нар Төрийн албаны зөвлөлийн даргын сунгаанд үзэж буйг ойрын эх сурвалж хэллээ. 

Ц.Цогзолмаагийн хувьд УИХ-ын 2020 оны сонгуульд төрсөн нутагтаа буюу Ховд аймагт хүч үзсэн ч бүдэрсэн юм. Удалгүй Үндэсний статистикийн хорооны даргад нэр нь яригдсан ч УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллах болсон юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуулийн зөвлөхөөр ажиллаж буй Л.Цэдэвсүрэн нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн албаны шинэчлэлийн талаар ярьж, үзэгдэх болсон. Тэрбээр Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах дэд ажлын хэсгийг ахалж буй юм. УИХ-ын гишүүн асан, экс хотын дарга Су.Батболдын хувьд парламентад байхын төрийн албаны шинэчлэлийн талаар ярьж, Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх ажлыг гардан хийсэн юм. 

Ямартай ч, МАН сүүлийн өдрүүдэд экс УИХ-ын гишүүдээ даргын суудалд залж, тойргийг нь авсан өрөө төлж буй. УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын төлөөлөгчөөр томилогдсон бол А.Тлейхан Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн асан О.Батнасан саяхан “Монголын төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй юм. 

Г.Баяр |bossnews.mn|

Boss
the authorBoss