Цаг үе

МӨРӨӨДӨЛ БИЕЛҮҮЛЭХ МӨСӨН ӨРГӨӨ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Зуны аагим халуунд ч мөсөн дээр гарч, бэлтгэл сургуулилтаа хийн, тэмцээн уралдаанаа зохиох нь өвлийн спортынхны нэг насны мөрөөдөл байлаа. Тэгвэл энэ мөрөөдөл бодит амьдрал дээр биеллээ оллоо. Монгол компаниуд нэгдэн нийлж бүтээсэн Мөсөн өргөө цогцолбор өнөөдөр нээлтээ хийв. Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн энэхүү өргөөг олон улсын стандартын дагуу барьж босгосон бөгөөд 2600 үзэгчийн суудалтай, жилийн дөрвөн улирлын турш ашиглах боломжтой гэдгээрээ онцлог юм. Нээлтийн үеэр барилгын төслийн удирдагч Б.Баасансүрэн “Мөсөө хайлуулахгүйгээр дулаанаа хадгалдаг шалаар солиод сагс, волейбол, гимнастик, бөхийн барилдаан зэрэг спортын олон төрлийн тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж болно” хэмээн ярилаа.

гэрэл зургийн эх сурвалж: Ikon.mn

Нээлтийн ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баг тамирчид маань өвлийн олимпод амжилттай оролцох боломжийг бүрдүүлж, хүүхэд багачууд маань хүсэл мөрөөдлөөр жигүүрлэх үүд хаалга болсон мөсөн өргөө бол Монголын спорт төдийгүй соёлын салбарын онцгой бүтээн байгуулалт болж байна. Энэхүү гайхалтай бүтээн байгуулалтыг хийсэн баялаг бүтээгч та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм. “Степпе Арена” ХХК уг төслийг санаачилж, “Ачит Ихт” компани, “Степпе Линк Холдинг” ХХК ерөнхий санхүүжүүлэгч нь болсон бол дэд бүтцийг “Юнайтед Прожектс Корпорэйшн” гүйцэтгэж, “МАК” компани цемент, шилэн хийц, бетон зэрэг евро стандартын бүтээгдэхүүнээрээ дэмжиж, Канад, Австрийн мэргэжилтнүүд зөвлөж, монгол залуус бүтээн байгуулалтад оролцсоны үр дүнд хоёр жил гаруйхны хугацаанд энэхүү өргөөг барьж босгожээ.

Гэрэл зургийн эх сурвалж: Ikon.mn
Boss
the authorBoss