нийгэм

Ж.Батбаясгалан: Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахад дагуул хотуудыг хөгжүүлэх асуудал нэн чухал

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарт цахим семинар зохион байгуулж байна.
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөнө. Энэ хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхөд баримтлах журмын төсөл, ИТХ-ын төлөөлөгчдийг  эргүүлэн татах журам, ИТХ-ын Зөвлөлийн ажиллах журмын төсөл, Хурлын төлөөлөгчдийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журмын төсөл зэрэг УИХ, Засгийн газраас батлах журмын төслүүд, бүх шатны ИТХ-аас батлах ИТХ-ын төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм, Хурлын хорооны үйл ажиллагааны чиглэл, тоо, бүрэлдэхүүн,  Хороо, ажлын хэсэг, тэдгээрийн ажиллах журам, Хурлын хуралдааны дэг зэрэг үлгэрчилсэн дүрэм журмын төслийн талаар хэлэлцэн, санал солилцож буй нь өнөөдрийн семинарын онцлог юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр “Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан дагалдах хэд хэдэн хуульд өөрчлөлт орно. Мөн дээрх 2 хуулиас гадна Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлтэй уялдуулан цөөнгүй дүрэм, журамд өөрчлөлт оруулна. Дээрх хуулиудын шинэчлэлээр нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа шинэ түвшинд гарч, эдийн засгийн болоод шийдвэр гаргах хэлбэр илүү өргөжсөн. Нийслэл Улаанбаатар хотод улсын нийт хүн амын 50 хувь нь амьдарч, эдийн засаг, мөнгөний эргэлтийн дийлэнх хувь нь төвлөрч байна.     Гэтэл өнөөдөр тулгамдаж буй хэт төвлөрөл, түүнээс үүдэлтэй асуудлуудыг дан ганц төсвийн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэнэ гэвэл дутагдалтай. Иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж байж шийднэ. Мөн олон улсын хөрөнгө оруулалтыг татах учиртай. Бид өмнө нь гадаадын улс орноос зээл, тусламж хүсдэг байсан бол өнөөдөр харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг санал болгодог боллоо. Тэгэхээр дээрх хуулиудын шинэчлэлийн хүрээнд эдгээр асуудлуудыг нутгийн өөрөө удирдах байгууллага бодлого, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэхэд ойролцоох аймгуудын оролцоо нэн чухал. Өнөөдрийн семинарын үеэр эдгээр асуудлуудыг хөндөн, ярилцаж байгаа нь цаашид үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Boss
the authorBoss