Цаг үе

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо хуралдлаа

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны ээлжит хуралдаан  өнөөдөр Төрийн ордноо боллоо. Хуралдаанд Түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм. Хурлаар Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах болоод УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн бэлтгэл ажил, “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, төсөв, татварын шинэчлэл хийх бодлого”  буюу  5Т-ын зорилт, Хөшигийн нисэх онгоцны буудлыг дагасан дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг олон талт асуудлыг хөндөн хэлэлцлээ.   Хуралдааны эхэнд Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Түр хороо байгуулагдсанаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж,  Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслийн шинэчилсэн найруулгад гишүүдийн саналыг тусгаж, батлах үйл ажиллагааг дэмжихэд онцгойлон анхааран ажилласнаа тодотгосон. Мөн тэрбээр “Хуульд Монгол Улсын нийслэл Улаанбаатар  хотын статус буюу бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  улсын болон орон нутгийн  зэрэглэлтэй хотоос ялгагдах тусгайлсан чиг үүрэг, удирдлага зохион байгуулалттай  байхаар заасан. Хот эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг бүрдүүлэхийн тулд хуулиар олгосон чиг үүргээс нь хамааруулан улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. Түүнчлэн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, нийслэл хотын хөгжлийн сан бий болгох, үнэт цаас гаргах, концесс бонд олгох зэргээр төсвийн орлогоо бүрдүүлэх олон талт эх үүсвэртэй байх, төсвийн орлогыг бие даан захиран зарцуулах зохицуулалтуудыг тусгасан. Мөн Улаанбаатар хотыг олон төвт хот болгох, хүн амын болон дэд бүтцийн хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот, эдийн засгийн тусгай бүстэй болохоор хуульчилсан” хэмээв. Түр хороо нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж батлуулаад орхих бус, хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, Хот, тосгодын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга  зэрэгт  онцгойлон анхаарч ажиллана гэдгийг Түр хорооны дарга  Э.Бат-Амгалан онцоллоо. Түр хороо хаврын чуулган хаахаас өмнө сар гаруйн хугацаанд эрчимтэй ажилласан бөгөөд цаашдаа Түр хорооны ажиллах хугацааг сунгаж ажиллах чиглэлээр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатайг мөн тодотгосон юм. Хуралдааны явцад УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн хувьд бие даасан дагуул хотуудыг байгуулах нь Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах онцгой ач холбогдолтой. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо эдийн засгийн чөлөөт бүсийг Хөшигийн хөндий орчимд байгуулах асуудлыг судлаад Засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Зуунмод, Майдар, Хөшигийн хөндий гэсэн гурван хотын нэгдсэн төлөвлөлтийг хийж байгаа. Хууль эрх зүй, газрын харилцаа зэрэгт зөрчилтэй асуудлууд байгааг анхаарахын дээр дэд бүтцийн төлөвлөлтийг хийх нь зүйтэй. Дагуул хотоо түшиглэн дулааны станц, цэвэрлэх байгууламж байгуулах, аялал жуулчлалын бүстэй болох, оюутны хотхоныг дагалдуулж гаргах эсэх гэхчлэн  нэгдсэн зохион байгуулалтад оруулахад Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

Boss
the authorBoss