Эдийн засаг

Энэтхэгийн Төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөв

Энэтхэгийн Төв банк зургаадугаар сарын 8-ны өдрийн шийдвэрээрээ бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 4.9 хувьд хүргэжээ. Үүнээс өмнө тавдугаар сарын эхээр Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар бодлогын хүүг 0.4 нэгж хувиар нэмэгдүүлж, 4.4 хувьд хүргээд байсан юм. Шинжээчид энэ сард болох ээлжит хурлаар бодлогын хүүг ихдээ л дахин 0.4 нэгж хувиар өсгөж, 4.8 хувьд хүргэх хүлээлттэй байсан ч бодлогын шийдвэр нь ийнхүү шинжээчдийн таамгийг даваад байна.

Энэтхэгийн Төв банкны Ахлах эдийн засагч Шилан Шах “Цаашид инфляц өссөөр байх тохиолдолд төв банк наймдугаар сард болох ээлжит хурлаар бодлогын хүүг дахин 0.5 нэгж хувиар өсгөнө” гэжээ.

Тавдугаар сарын эцсийн байдлаар тус улсын инфляцын түвшин 7.04 хувьд хүрсэн нь өмнөх сараас 0.7 нэгж хувиар буурсан байна. Гэсэн хэдий ч одоогийн инфляцын түвшин нь Төв банкны зорилтот дээд хязгаараас (жилийн инфляцыг 2-6%-ийн орчимд барихыг зорьдог) 1.04 нэгж хувиар давсан хэвээр байгаа юм. Хуулиар Энэтхэгийн инфляц 3 улирлын турш Төв банкны зорилтоос давсан тохиолдолд Төв банк нь Засгийн газартаа хандан инфляц өссөн шалтгаан, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээлэл бүхий нээлттэй захидал илгээдэг байна. Одоогоор тус улсын инфляц сүүлийн 5 сар дараалан төв банкны зорилтот хязгаараас даваад байгаа юм. 

Тавдугаар сарын байдлаар инфляцын өсөлтийн шалтгааныг задалж харвал, тээвэр ложистикийн саатал болон Орос, Украины дайны нөлөөгөөр хүнс болон газрын тос, тээврийн зардлууд өссөн нь голлон нөлөөлжээ. Үүнд: 

  • Хүнсний ногоо – 18.3% 
  • Газрын тос болон хүнсний тос – 18.3% 
  • Нефтийн бүтээгдэхүүн – 9.5% 
  • Тээвэр, харилцаа холбоо – 9.5% 
  • Хүнс – 7.8%-иар тус тус өссөн байна. 

Цаашид дэлхийн газрын тос, хүнсний үнийн өсөлт, мөн түүхий эдийн үнийн өсөлтүүд инфляцын өсөлтөд дарамт учруулсан хэвээр байх хүлээлттэй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан төв банк нь энэ оны инфляцын төсөөллөө 5.7 хувиас 6.7 хувь болгож өсгөжээ.

Эх сурвалж: https://timesofindia.indiatimes.com/

Boss
the authorBoss

181 Comments

Comments are closed.