Ж.Батбаясгалан: Иргэд саналаа цахимаар нээлттэй хэлж төрийн үйл хэрэгт оролцоно гэдэг том дэвшил
Улсын Их Хурлын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “My D-Parliament” цахим системийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 2200 гаруй оролцогч танхим болон цахимаар оролцлоо. Тус системийн зорилго нь иргэд, эрдэмтэн судлаачид, сонирхсон хэн бүхэн парламентад өргөн баригдсан хуулийн төсөлд болон цахим системд байршсан нийтийн санал асуулга зэрэгт нээлттэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн Улсын Их Хурал буюу парламентын гишүүдэд өргөдөл, гомдол болон санал хүсэлтээ илгээх албан ёсны цахим талбар болж байгаа юм. Тодруулбал, цахим системд Улсын Их Хуралд өргөн баригдсан хуулийн төслүүд байршина. Иргэд тэдгээр төсөлд саналаа өгөхөөс гадна нийгэмд тулгамдаж буй гол сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой.
Иргэдийн санал олны дэмжлэгийг авч тодорхой тоон хэмжээст хүрснээр Улсын Их Хурлын байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны түвшинд хэлэлцэгдэн, шийдвэрлэгдэх боломж бүрдэж байгаа юм. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Дэлхий нийтээрээ дижиталын эрин үед байна. Зөвхөн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулж биш цахимаар нээлттэй саналаа хэлж төрийн үйл хэрэгт оролцоно гэдэг иргэд бидний хувьд том ололт дэвшил. Тиймээс Монгол Улсын Их хурал болон Нийслэлийн ИТХ, дүүргүүдийн ИТХ, нийслэлчүүдтэйгээ хамтран цахим парламентыг ашиглан, нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх ашигтай холбоотой гарч буй төрийн хууль, тогтоомжид саналаа бодлоо тусгуулахад энэхүү технологийн дэвшил нь том гүүр болно” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ