Цаг үе

“VinFast” нээлттэй компани болж, Вьетнамын хамгийн чинээлэг эрхмийн хөрөнгө $39 тэрбумаар нэмэгдлээ

Вьетнамын “VinFast” компани “Nasdaq” биржид нээлттэй компани болсон эхний өдөр хувьцааны ханш нь 255 хүртэлх хувиар цойлов

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “VinFast” компани “Nasdaq” биржид нээлттэй компани болсон эхний өдөр хувьцааны ханш нь 255 хүртэлх хувиар цойлж, зах зээлийн үнэлгээ нь 85 тэрбум ам.доллар хүрснээр “General Motors”, “Mercedes-Benz” зэрэг салбарын аваргуудыг давлаа. Түүнчлэн тус компанийн ТУЗ-ийн дарга Фам Нят Выонгийн хөрөнгийн хэмжээ нэг шөнийн дотор 39 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 44.3 тэрбум ам.доллар хүрснийг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харж болохоор байна. Алдагдал өндөртэй стартапуудад чиглэсэн хөрөнгө оруулагчдын сонирхол буурсан энэ үед “VinFast” энгийн IPO хийх төлөвлөгөөгөө цуцалж, SPAC буюу тусгай зориулалтын нэгдэн нийлэх хэлцлийн компаниар (SPAC) дамжуулан олон нийтэд нээлттэй болсон нь дээрх үр дүнд хүргэжээ. Хэдий тийм боловч цөөхөн хувьцаа санал болгож буй компанийн IPO-д арилжаалагчид богино хугацаанд өндөр ашиг хийгээд гарах хандлагатай байдаг тул Фам Нят  Выонгийн хөрөнгө болон компанийн хувьцааны ханшийн огцом өсөлт богино настай байх магадлал өндөр байна. Энэ онд SPAC-аар дамжуулан нээлттэй болсон компаниудын хувьцаа голч үзүүлэлтээр 45 хувиар унаад зогсохгүй тэдгээрийн 18-ынх нь зах зээлийн үнэлгээ 70 орчим хувиар буураад байгааг “Bloomberg”-ийн нэгтгэсэн мэдээллээс харж болохоор байгаа юм. Вьетнамын хамгийн чинээлэг эрхэм Фам Нят Выонг өөрийн “VinGroup” конгломератаар дамжуулан “VinFast”-ийн нийтийн эзэмшлийн хувьцааны 99 хувийг шууд болон шууд бус байдлаар удирддаг аж. 

Boss
the authorBoss