Цаг үе

Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. Төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын хувьд төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулах, иргэдийн эрүүл аюулгүй, орчинг бүрдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэр газрын хэмжээ, байршлыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна. Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын төсөв хөрөнгө, зураг төсөл нь батлагдсан газрын асуудлаа шийдвэрлүүлэх зорилготой юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН болон ХҮН намын бүлэг саналаа танилцуулсан юм. МАН-ын бүлгийн хувьд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд болсон үер, усны гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн аман дахь айл өрхийг нүүлгэн шилжүүлэх газрын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, газар олголт болон газар чөлөөлөттэй холбоотой ажлыг холбогдох байгууллага, албан тушаалтнууд хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахад онцгой анхаарахыг дурдлаа. Мөн иргэний газар өмчлөх, эзэмших, ашиглалттай холбоотой хүсэлт, тулгамдсан асуудлыг шуурхай журмаар шийдвэрлэх талаар дүгнэлтдээ тусгасан байна. Мөн үер, усны өндөр эрсдэлтэй газрын судалгааг нарийвчлан гаргаж, газар өмчлөх, эзэмших, ашиглах зориулалтаар газар олгохгүй байхыг тодотгожээ.  Харин ХҮН намын бүлгийн хувьд газрын зөвшөөрөл олгох болон барилга барих зөвшөөрөл олгох үйл ажиллагаануудын уялдаа холбоог хангаж ажиллах шаардлагатай гэсэн юм. Иймд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар болон Газар зохион байгуулалтын албыг нэгтгэх бодлогын арга хэмжээний саналыг ХҮН намын бүлгээс гаргав. Улмаар Баянзүрх дүүргийн 43-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цастын балгас”, “Балжиннямын” нэртэй газрууд ухсан нүх хэлбэртэй, газрын ул хөрсний ус хурсан байдалтай 10 гаруй жил болсныг тодотгосон юм. Энэ хугацаанд ойр орчимд түгжрэл үүсэх, түргэний болон галын машин нэвтрэх боломжгүй болж, иргэдийн нэн ялангуяа хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг хаасаар ирснийг сануулсан юм. Намын бүлгүүдийн саналыг Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах бүрэн боломжтой гэж үзэн, улмаар тогтоолын төслийг баталлаа. 

Boss
the authorBoss