Цаг үе

Ц.Гарамжав: хүүхдүүдээ сайн багш, инженер, сайн бүтээн байгуулагч болно байх гэж бодож явснаас лам хуврага, тэр тусмаа Бурхан шашны тэргүүн болгох тухай бодол хэний маань ч ухаан санаанд минь бууж байсангүй

“Монполимет” компанийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав яруу найрагч Ц.Хулангийн шүүх хурал болоод X богдын тойрсон асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

“ҮНЭН ТҮҮХ МААНЬ ОРШСООР БАЙХ БОЛНО

Туулай жилийн намрын эхэн сарын билэгт сайхан өдөр та бүхний сонорт олон сар жилээр сэтгэл чилээсэн зарим үйл явдлын талаар үнэн мөнийг өгүүлье.

Ардчилсан нийгмийн хамгийн чухал үнэт зүйл бол хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл юм. Эрх чөлөөний хэлбэр дотор хувийн аж ахуй эрхлэх, өмч хөрөнгөтэй байх, шашин шүтэх, эс шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах зэрэг олон эрхийг бид олж авч Үндсэн хуулиараа баталгаажуулсан.

Гэвч өнөөдөр манай улс оронд ардчилсан нийгэм, эдийн засгийн үнэт тогтолцоо бүх талаар алдагдаж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нэрийн дор бусдыг гүтгэн доромжилж, бусдын эрхэнд халдах нь энгийн үзэгдэл, ердийн асуудал мэт болжээ, бид ч энэ анархизмд дасч, ардчилал хэмээн андуурах боллоо.

Магадгүй бидний хөгжих, мэдэх, боловсрон төлөвшиж, урагшлан өөдлөхийг хүлээн зөвшөөрч чадахгүй, үндэсний өв соёл, үндэсний үйлдвэрлэл, үнэт зүйл бүхнийг маань үгүйсгэн халдаж, биднийг бахархах зүйлгүй, оюун санааны дархлаагүй болгох гэсэн явуулгыг гадаад, дотоодын бүлэглэлүүд өөрсдийн гүйцэтгэгч нараар зохион байгуулалттайгаар явуулж байна. Сүүлийн үед нэгэн үе Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Хулан гэдэг шүлэгч эмэгтэйн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламд бичсэн гэх захидлыг тарааж, олны дунд элдвийн төөрөгдөл таамаглал үүсгэж байна.

Түүний хэргийг улсын нууцад хамаарах хэрэг гэсэн атал түүний өмгөөлөгч нь 1 захидал, 2 нэвтрүүлгээс болсон мэтээр мэдээлсэн нь хэргийн талаарх бодит байдлыг төөрөгдүүлж байгаа мэт харагдаж байна. Энэ нэвтрүүлгүүд анхлан ТВ9 телевизээр цацагдсан ба тус нэвтрүүлэг болон 1 захидлын талаар манай гэр бүл гомдол гаргаж байгаагүй. Гэтэл үүнийг бидэнтэй холбож, хамаатуулах гэж мушгин гуйвуулсан зохион байгуулалттай дайралтуудыг их явууллаа. Эдгээрт иргэн миний гэр бүлийн нэр хүндэд халдаад зогсохгүй, удам судрыг минь гутаан доромжилж, миний үүсгэн байгуулсан ААН-үүдийг байгаль, экологи сүйтгэж байгаа хэмээн шууд утгаар гүтгэжээ.

Зохиолч, шүлэгч хүн fact check хийлгүйгээр харгис сэтгэлгээтэй, илт худал зүйл зохиож, тараасан гэхэд итгэхэд бэрх байна. Энэ хэрэг улсын нууцад хамаарч байгаа тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад буй захидлыг өөрөө бичсэн эсэхийг ч бид мэдэхгүй. Шүүх хурлын үйл явцын талаар ил тод мэдээлэл өгөхийг би болон бусад олон иргэд хүлээсээр байна.

Өнгөрсөн хугацаанд асар олон бусармаг гүтгэлэг, явуулгыг хүлцэн тэвчиж өнгөрөөсөн ч энэ удаа эдгээр хуурамч мэдээлэл /fake news/-г няцааж үнэн бодит хариултыг өгье.

Миний өвөө аав Харцага Дамдин, эмээ ижий Норжмаа нар маань нь Түшээт хан аймгийн Эрдэнэдайчин хошой Чин Ван Ханддоржийн хошууны уугуул, ажил хөдөлмөрөөрөө нутаг усандаа нэр хүндтэй хүмүүс байсан. Олон азарга адуу мал сүргээ фронтод бэлэглэж, хамтрал коммунд нийгэмчлүүлж явсан түүхтэй. Миний аав Цэдэн, ээж Дэмбэрэл нар нь Түшээт хан аймгийн Чин Ван Ханддоржийн хошууны Халиун багийн нутагт төрж өссөн. Аав маань 17-хон насандаа сумын даргаар ажиллаж, улмаар Санхүү Эдийн засгийн сургуульд суралцаж, Батлан хамгаалах яамны анги нэгтгэлүүдийн санхүүгийн албанд ажиллаж, дэд хурандаа болтлоо дэвшин ажиллаж байлаа. Миний аав амьдралынхаа эцсийн мөч хүртэл зогсолтгүй хөдөлмөрлөсөн цэргийн хүн байсан юм.

Хүүхдүүд маань аль эрт өрх тусдаа гарсан, бүтээсэн, байгуулсан амьдралтай, өөрсдийн бодол, зорилготой, бие даасан гэр бүл билээ. Манай хүүхдүүд багш, инженер эдийн засагч нарын гэр бүл учраас хүүхдүүдээ ч гэсэн сайн багш, инженер, сайн бүтээн байгуулагч болно байх гэж бодож явснаас лам хуврага, тэр тусмаа Бурхан шашны тэргүүн болгох тухай бодол хэний маань ч ухаан санаанд минь бууж байсангүй. Тийм шаардлага огтхон ч байхгүй ээ.

Би бол эмээ, өвөөгийнхөө сэтгэлийг шингээсэн жирийн нэг сүсэгтэн хүн. Хүний амьдралд хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин зовлонгийн улмаас бага охиныхоо хамтаар хүнд өвчин зовлонг арилгах гэж, мөн ажил үйлсээ даатгах гэж, зав чөлөөгүй ажлынхаа хажуугаар боломж олдвол хурал номонд суухыг хичээдэг байлаа. Харин олон мянган жилийн түүхтэй Бурханы шашны гүн ухааны өндөр дээд дэг жаяг, нарийн шүүлтүүр шалгууруудаар явагддаг эл үйл явцад эгэл бидний оролцоо огтхон ч байхгүй юм. Байх боломж ч үгүй юм. Бурхан шашны өндөр дээд гэгээнтний хойд дүрийг тодруулах асуудал нь эд мөнгөөр хэмжигдэх, наймаалцан авах, арга саамаар шийдэгдэх зүйл огт биш гэдгийг эрүүл, саруул ухаант хүмүүн бүр ойлгоно. Ямар гэр бүл ийм их өндөр үүрэг хариуцлага, ачаа дарамтыг хүсэх билээ дээ. Энэ тухай аав, ээж нь цаг нь ирэхээр дэлгэрэнгүй түүх ээ ярих биз ээ.

Миний бие Монгол улсын нийгэм, эдийн засгийн шилжилтийн 30 гаруй жилд олон сорилт, бэрхшээл дундуур орон гэрээ авч явах, үр хүүхдүүдээ хүмүүжүүлж өсгөх, мэргэжил, мэдлэгээ түшиглэн аж ахуй байгуулах, надад итгэл хүлээлгэн бүрэлдсэн хамт олныхоо итгэлийг алдалгүй амьдралыг нь тэгшилж, голомтыг нь бадраахын тулд зогсолтгүй 40 гаруй жил ажиллаж хөдөлмөрлөсөн жирийн нэг инженер хүн билээ.

Саяхан Монполимет групп ашиглалт олборлолтын салбараас төрөлжсөн үйлдвэрийн салбар луу шилжсэн зөв замналаар хөгжсөн түүхэн 30 жилийн ойн баяраа мянга мянган залуусынхаа хамтаар тэмдэглэн өнгөрүүлсэн. Би хамт олныхоо хамтаар байгальд ээлтэй бүрэн автоматжсан таван үйлдвэрийг барьж байгуулсан байна. Бидний байгуулсан Монцемент үйлдвэр сүүлийн 30 жил алдагдсан байсан аж үйлдвэржилтийн бодлогыг сэргээж, улс орноо цементийн хараат байдлаас гаргаж чадсан. Бид уул уурхайн ашиглалт, олборлолтыг мэргэжлийн түвшинд явуулдаг бөгөөд анх удаа хүний гараар бүтсэн Цэнгэг уст Тосон нуурыг бүтээж, 400,000 гаруй модтой ойн төглийг тарьж ургуулан, улсдаа 21 удаа Тэргүүний нөхөн сэргээгч байгууллагаар шалгарч, шилдэг үлгэр загварыг тогтоосныг Европ, Африкийн улс орнуудаас холбогдох мэргэжлийн судлаачид ирж танилцан, арга, туршлага судалдаг болсон юм.

УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан өмнөх 4 жилд өөрийн үзэл баримтлалаа илэрхийлж, саналаа дэвшүүлж, нийгмийн шударга, зөв харилцааны төлөө тэмцэж ирсэн. Энэ хугацаанд бүтээсэн бүхнийг минь үгүйсгэн харлуулж, өөрсөд шигээ Төрөөс төрсөн тэрбумтан болгох гэсэн ажиллагааг зориуд өөрсдийн гар хөлөө болгосон мэдээллийн хэрэгслээрээ завсар зайгүй явуулж миний болон миний гэр бүлийн нэр хүндэд минь халдаж байгааг олон түмэн мэддэг билээ.

Бидний улс орондоо хийсэн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө эхлүүлсэн бүхэн, бусдын төлөө зориулсан чин сэтгэл, өвөг дээдсийн удам судар, үнэн түүх маань оршсоор байх болно.

Цахим хөгжлийн эрин зуунд үнэн худал асар их мэдээллүүд хурдтай тархаж байгаа энэ үед аливаа хуурамч мэдээ /fake news/, зохиомол гүтгэлэгүүдийг шүүн тунгаан, шүүлтүүртэй хандаж, оюун санааны дархлаагаа алдалгүй, бусдын тархи угаах явуулгад ашиглагдахгүй байцгаая гэж та бүхэндээ уриалж байна.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Цэдэнгийн Гарамжав” хэмээн нийтэлжээ.

Boss
the authorBoss