улс төр

Зурагт, зуух, гар утас хулгайлсан хөнгөн гэмт хэрэгтнүүдийн хамт УИХ-ын гишүүн Г.Солтанд уучлал үзүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга зарлиг гаргаж, гуравдугаар сарын наймны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид уучлалт үзүүлсэн байна. Мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүллээ гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны мэдээнд дурджээ.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 407, 461, 419, 445, 429, 425 дугаар хорих ангиудад ял эдэлж байсан нийт 31 иргэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсөн аж. Харин тэдэн дунд УИХ-ын гишүүн асан Г.Солтан байсан бөгөөд тэрбээр мөн суллагджээ. Г.Солтан нь ЖДҮ-ийн сангаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг , улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон авсан хэргээр ял сонссон юм. Улсын дээд шүүх 2020 оны долдугаар сард уг хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулаад байв.

Т.Цэлмэг \Bossnews\

Boss
the authorBoss