нийгэмЦаг үе

Д.Сумъяабазар: Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл ажил, амьдрал тасалдахгүй, хатуу хөл хорио тогтоохгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” хөтөлбөрийнхөн шуурхай зөвлөгөөн болон Хотын даргын холбогдох албаныханд өгсөн үүрэг, даалгаврыг шууд дамжуулан хүргэсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд хандан уриалга хэлсэн юм.

Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Хотын даргын хувьд нийслэлийн нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн хэмжээнд байлгах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ бүхний ард хүний амьдрал, ажлын байр, орлого гээд нийгмийн олон асуудал үүсэж байдаг. Хотын даргын хувьд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа олон мянган аж ахуйн нэгжийн ажил, амьдралыг алдуулахгүйн төлөө, ажлын байрыг хадгалах, орлогыг тасалдуулахгүй байхын төлөө, нийгэм, эдийн засгийг тодорхой түвшинд хэвийн хадгалахын төлөө ажиллаж байна. Иймээс иргэн бүрийн оролцоо туйлын чухал. Шаардлагагүй бол аль болох олон нийтийн газраар явахгүй байх, шаардлагатай тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахиж, ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, амны хаалтаа зүүж, гараа ариутгах хэрэгтэй. Өөрийгөө, хайртай бүхнээ хамгаалах, төр засгийн бодлогыг дэмжих үүднээс энэ бүхнийг чанд мөрдөх хэрэгтэй.

Дөрөвдүгээр сард вакцинжуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улаанбаатар хотын иргэдээ тавдугаар сарын 5-н гэхэд вакцины эхний тунд хамруулж дуусна. Зургадугаар сарын 10-нд багтаж хоёр дахь тунг хийж, зургадугаар сарын 20-ноос хойш Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн амьдрал шар түвшинд шилжиж, халдвар авах хүний тоо эрс багасах үзүүлэлтийг ДЭМБ болон холбогдох мэргэжлийн байгууллагаас өгч байгаа. Иргэн бүр, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл хотын ажил, амьдрал тасалдахгүй, хатуу хөл хорио тогтоохгүй. Үүний төлөө хамтдаа хүчээ нэгтгээд тэмцье, зүтгэе, манлайлъя, нийгэм, эдийн засгаа аваръя, хамгаалъя гэсэн аян өрнүүлж байгаа. Өнгөрсөн бямба гарагт аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Бүгд энэ уриалгыг дэмжиж байна. Төрөлх хотоо, бизнесээ, ажлын байраа, хайртай бүхнээ хамгаалахын тулд хувь хүний хариуцлага, сахилга бат дээр суурилж явахаас өөр сонголтгүй. Улаанбаатар хотын иргэн хариуцлагатай, соёлтой байх ёстой. Хотынхоо иргэддээ итгэж байна. Иргэд уриалгыг маань дэмжиж, хамтарч ажиллаж, ажил, амьдралаа зохицуулаасай гэж Хотын даргын хувьд хүсэж байна” хэмээн ярилаа.

Boss
the authorBoss