Эдийн засаг

Нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас “Glencore” Перу дахь зэсийн уурхайн үйл ажиллагаагаа зогсоолоо

Иргэдийн эсэргүүцлийн жагсаалаас шалтгаалан “Glencore”-ийн эзэмшдэг Антапаккайн уурхай бүрэн хүчин чадлынхаа 38 хувиар ажиллаж байжээ. Перугийн өмнөд хэсэгт орших Антапаккайн зэсийн уурхайд баасан гарагт халдлага болж, ажилчдын байр галд өртсөний дараа “Glencore” компани тус уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Тухайн өдрийн үйл явдал ажилчдын аюулгүй байдалд заналхийлсэн тул эрх баригчид иргэдийн эв нэгдэл, хувийн өмчийг хамгаалах арга хэмжээг авах ёстой хэмээн тус компани гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна. “Glencore” компанийн мэдээлж байгаагаар Антапаккайн уурхай оршдог Эспинар мужийн оршин суугч хэсэг иргэд баасан гарагт уурхайн кэмп дээр ирж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсанаас гадна Перу улсын Ерөнхийлөгч Дина Болуартег огцрохыг шаардсан албан бичиг хүргүүлэхийг компанид тулгасан байна. Дараа нь хэсэг хүмүүс уурхайн байгууламжууд руу хүч хэрэглэн нэвтэрч, ажилчдын эд зүйлсийг хулгайлж, ажилчдын байрладаг хэсэгт гал тавьжээ. Үүнээс өмнө иргэдийн эсэргүүцлийн жагсаалаас шалтгаалж “Glencore”-ийн эзэмшдэг Антапаккайн уурхай бүрэн хүчин чадлынхаа ердөө 38 хувиар ажиллаж байсан юм. Долоо хоног гаруйн өмнө эсэргүүцэгчид Антапаккайн ус цэвэршүүлэх байгууламж руу дайран орж, гал тавьсан байна. Тус байгууламж нь ойролцоох суурьшлын бүсүүдийн 6000 хүнийг ундны усаар хангадаг аж. Нэгдүгээр сарын эхнээс хойш энэ мэтийн халдлагууд гарах нь эрс нэмэгдсэн тул уурхай зэсийн баяжмалын нийлүүлэлтээ зогсоогоод байсан юм. Өнгөрсөн оны сүүлээр тус улсын өмнөх Ерөнхийлөгч Педро Кастиллог баривчилснаас болж Перу даяар эмх замбараагүй байдал үүсээд байна.  “Bloomberg”-ийн тооцоолсноор энэхүү үйл явдал нь бараг дөрвөн тэрбум ам.долларын өртөг бүхий зэсийн нийлүүлэлтийг тасалдуулах эрсдэлтэй аж.

Boss
the authorBoss