гадаад мэдээ

БНХАУ-д худалдан авалт буурсан ч “Hermes”-ийн борлуулалт IV улиралд өсөв

2021 онд “Hermes”-ийн борлуулалт 8.98 тэрбум евро байсан бол 2022 онд нийт борлуулалт нь 11.6 тэрбум евро буюу 12.3 тэрбум ам.доллар хүрчээ. Цар тахлаас үүдэн БНХАУ-д худалдан авалт буурсан ч 2022 оны IV  улиралд “Hermes” компанийн борлуулалт өссөн үзүүлэлттэй гарч “Birkin” цүнх зэрэг тус компанийн дээд зэрэглэлийн арьсан бүтээгдэхүүний эрэлт өндөр хэвээр байгааг харууллаа.  Тайлант хугацаанд “Hermes”-ийн борлуулалт 23 хувиар тогтмол ханштай өссөнийг тус компани баасан гарагт мэдээлсэн юм. Харин шинжээчдийн хувьд 17 хувиар өснө хэмээн таамаглаж байлаа. Мөн энэ хугацаанд “Hermes” компанийн хамгийн том алба нэгж болох арьсан эдлэл, морины тоноглол үйлдвэрлэдэг нэгжийн бүтээгдэхүүний борлуулалт эрс өсөж, шинжээчдийн таамгийг давжээ.  2021 онд “Hermes”-ийн борлуулалт 8.98 тэрбум евро байсан бол 2022 онд нийт борлуулалт нь 11.6 тэрбум евро буюу 12.3 тэрбум ам.доллар хүрсэн нь тус компанийн шинэ дээд үзүүлэлт болоод байна. БНХАУ-д цар тахлын давлагаа эрчимжсэн үед ажилтнууд, худалдан авагчдын зарцуулалт эрс буурсныг үл харгалзан “Hermes” компанийн жилийн борлуулалт өндөр гарсан нь онцлог болж байна. “Gucci”-ийг эзэмшдэг “Kering” зэрэг компаниудад дээрх нөхцөл байдал хүндээр туссан бол “Hermes”-ийн борлуулалт Ази, Номхон далайн бүс нутгуудад Японыг эс оролцуулбал 25 хувийн өсөлттэй гарчээ.  Түүнчлэн “Hermes”-ийн хувьцаа энэ онд одоогийн байдлаар 20 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Нөхцөл байдал хэдий тодорхойгүй байсан ч “Hermes”-ийн борлуулалт 2022 онд өндөр үзүүлэлттэй гарсан нь компанийн энэ оны борлуулалтад ч мөн эерэг хүлээлт төрүүлж байна хэмээн компанийн Гүйцэтгэх захирал Аксель Дюма дурдав. Тэрбээр мөн “Hermes” компани түүхэндээ ямар ч хямралыг тэсвэрлэснээр ирснийг онцолж байлаа. Тус компани энэ сарын эцсээр дэлхий даяарх бүх ажилтнууддаа 4000 евро урамшуулал болгон олгохоор төлөвлөжээ.

Boss
the authorBoss