Цаг үе

“Эрдэнэс Баянбогд” ХХК-д хамтын ажиллагааны суурь хэлэлцээр байгуулах эрх олгох асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн ИТХ-ын үдээс хойших хуралдаанд Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хамтарсан Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын талбайг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө оруулагч талтай хамтын ажиллагааны суурь хэлэлцээр байгуулах эрх олгох асуудлыг Нийслэлийн Засаг дарга орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 217 тоот тогтоолоор “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийг  үүсгэн байгуулж, компанийн нийт  хувьцааны 34 хувийг төрийн өмчит “Эрдэнэс Баянбогд” ХХК-д эзэмшүүлж, үлдэх 66 хувийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн зүгээс  “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах зорилгоор дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааны суурь хэлэлцээр байгуулах эрх олгох шийдвэр гарснаар төсөл бодитоор хэрэгжих алхам болно гэсэн юм. Мөн энэхүү санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдсэнээр Улаанбаатар хотын шинэ тойрог зам барих төсөл, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх хөгжлийн төслүүд болон цэвэр эрчим хүчний эх үүсвэр бий болох, боомтын дэд бүтэц, авто болон төмөр зам барих зэрэг томоохон дэд бүтэц, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжих боломж бодитоор бүрдэнэ гэж тооцжээ. Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва “Засгийн газар хотын асуудал бол улсын асуудал гэсэн байр сууринаас асуудалд хандаж, шийдвэр гаргаж өгсөн. Хотын эдийн засаг сайжирвал макро эдийн засагт нөлөөлөх дам нөлөө өснө. Хотын амьдрах арга ухааныг шинэчлэх цаг нь болсон. Дэлхийн хотуудад уул уурхайн баялгаа түшиглэн хөгжиж байгаа кэйсүүд олон бий. Иймд уул уурхайг түшиглэсэн энэхүү эдийн засгийн боломжийг Нийслэл ашиглах нь зөв” гэсэн юм. Хэлэлцэж буй асуудлаар Төлөөлөгч Т.Гантулга “Засаг даргад эрх олгуулах шийдвэрийг иргэдийн хурлаар зайлшгүй гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Манай намын бүлгээс илэрхийлсэн санал дүгнэлтийг дахин сануулъя. “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэж болох эрхзүйн зохицуулалт бий”  гэлээ.

Boss
the authorBoss