гадаад мэдээ

ХУРДАЦТАЙ ТАРХАЖ БУЙ МУТАЦАД ОРСОН “КОРОНАВИРУС”-ИЙН ХАЛДВАР ХБНГУ-Д БҮРТГЭГДЭВ

Их Британид хурдацтай тархаж буй шинэ төрлийн мутацид орсон “коронавирус”-ийн халдварын анхны тохиолдол Герман улсад бүртгэгдсэн байна. Тархалтын хурд нь 56 хувиар илүү байгааг судалгаагаар тогтоожээ. Хэдий тийм боловч өвчтөний эрүүл мэндэд ямар нөлөөтэй байгаа нь хараахан тодорхой болоогүй байгаа аж.

Их Британи энэ сарын 8-20-ны өдрүүдэд 617 мянган хүнд “Pfizer”-ийн вакцины эхний тунг хийснээ зарласан юм. Эмнэлгийн ажилтнууд, 80 ба түүнээс дээш насныхан зэрэг эрсдэлтэй бүлгийнхэнд вакцин хийгээд байгаа аж. Тус улс “Pfizer”-аас нийт 40 сая тунг авахаар тохиролцоод байгаа юм.

Латин Америкийн улсуудаас хамгийн эхэнд Мексик улс вакцинжуулалт хийж эхэллээ. Лхагва гарагт “Pfizer”-ийн 3000 тун вакцин хүлээн авчээ. Ирэх долоо хоногт 50 мянган тунг хүлээж авах юм байна. Түүнчлэн Чили, Коста-Рика улсад “Pfizer”-ийн вакцинжуулалт пүрэв гарагт эхлэх товтой байгаа юм.

Харин АНУ-ын хувьд “коронавирус”-ийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдсээр байна. Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн эхнэр “COVID-19”-ийн халдвар авсан нь тогтоогдоод байгаа аж. Түүнчлэн мутацид орсон вирус АНУ-д тархсан байх магадлалтай байгаа талаар тус улсын Халдварт өвчин судлалын хүрээлэнгийн тэргүүн Энтони Фаучи онцоллоо.

ранцад халдварын тохиолдол 21.6 мянга буюу сүүлийн нэг сар гаруй хугацааны хамгийн дээд хурдаар нэмэгдсэн байна. Тус улсын эрүүл мэндийн удирдах газар “Pfizer”-ийн вакциныг бүртгэж, 16 ба түүнээс дээш насныханд ашиглах зөвшөөрөл олгожээ. Вакцинжуулалт энэ ням гарагаас эхэлнэ.

Израилын эрх баригчид улсынхаа хэмжээнд гурав дахь удаагаа дөрвөн долоо хоногийн хөл хорио тогтоох саналыг дэмжлээ. Хэрэв халдварын шинэ тохиолдол 1000-аас буурахгүй бол хөл хориог дахин хоёр долоо хоногоор сунгахаар төлөвлөж байгаа юм байна. Тус улс хүн амынхаа 83 хувийг вакцинжуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд энэ ажил аль хэдийн эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан 79.7 сая, эндсэн 1.7 сая тохиолдол бүртгэгдээд байна. Харин 56.1 сая хүн эдгэрчээ.

Boss
the authorBoss