Коронавирусийн халдварын улмаас уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эрс саараад байна
Засгийн газар ирэх онд уул уурхайн салбарын орлого анх удаа 3.4 их наяд төгрөг хүрнэ гэж тооцоолж байна. Энэ нь төсвийн нийт орлогын 26 орчим хувь юм. Ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр Засгийн газар тооцоолжээ. Хэдий тийм боловч Монгол Улс дотооддоо “коронавирус”-ийн халдварыг алдсанаас хойш буюу 11 дүгээр сарын дунд үеэс хойш нүүрсний экспорт эрс буураад байгаа юм. Одоогоор гол экспортлогч уурхайнууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг тусгай бүс болгоод байна. Цаашид дотооддоо цар тахлын халдварыг хэр зэрэг тогтоон барих вэ гэдгээс Монгол Улсын нүүрсний экспортын ирэх оны төлөв шууд хамаарахаар байна. Нөгөө талаас БНХАУ Австралийн нүүрсний экспортыг хориглосны дараа тус улсын гол компаниуд бусад улсаас авч буй коксжих нүүрсний импортоо нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байгаа юм.
Харин зэсийн тухайд тонн тутамдаа 6500 ам.доллар байхаар төсөөлж, ирэх онд 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 1.5 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ. Монгол Улс зэсийн баяжмалын экспортынхоо тал орчим хувийг төмөр замаар, үлдсэн талыг нь Гашуунсухайт боомтоор авто замаар гаргадаг. БНХАУ-ын тал ачаа тээврийн жолооч нарыг “COVID-19”-ийн шинжилгээ өгөхийг шаардаж эхэлсний дараа өдрийн гарц нь саарах хандлага ажиглагдаж байгаа ч нүүрсний экспорттой харьцуулахад харьцангуй тогтвортой байна.
Үүнээс гадна ирэх онд газрын тосны нийт экспортын хэмжээг 5.8 сая баррель, нэг баррель тутмынх нь үнийг 47.9 ам.доллар байхаар төсөвт тусгаж өгсөн байна. Улмаар нийт 183.2 тэрбум төгрөгийг газрын тосны орлогоор төвлөрүүлэхээр тооцоолжээ. Газрын тосны нийт экспортын 95 гаруй хувийг “Петрочайна Дачин Тамсаг”, таван хувийг “Доншен газрын тос” компани хийж байгаа юм. Энэ онд “COVID-19”-ийн халдварын улмаас газрын тосны экспорт эрс саараад байна.
Т.Цэлмэг /Bossnews/