Хамгийн найдвартай хамгийн сайн гэдэг нэр хүндээ алдаад байсан Боинг компанийн үйлдвэрлэсэн онгоц дахин сүйрлээ.
Индонезийн Жакарта хотын нисэх онгоцны буудлаас өчигдөр/2021.1.9/ 62 хүнтэй Боинг 737-500 онгоц хөөрөөд, удалгүй Жава тэнгист унажээ. Харин өнөө өглөө Индонезийн аврагчид уснаас биеийн хэсгүүд, хувцасны тасархайнууд болон төмрийн хаягдлуудаас өөр дорвитой зүйл олж чадаагүй байна.
Жакартагийн цагийн газрын төлөөлөгч “Өнөө өглөөний байдлаар бид ослын газрын ойр орчмын уснаас хоёр тор зүйл гаргаж авлаа. Нэг торонд нь зорчигчдын эд зүйлс буюу хувцасны уранхай гэх мэт, нөгөө торонд нь амь үрэгдэгсдийн биеийн хэсгүүд дүүрэн байв” хэмээн ярьжээ.
Индонезийн цэргийн агаарын хучний командлагч маршал Хади Тхаяжантогийн мэдээлснээр Ригел тэнгисийн цэргийн усан онгоц онгоцыг алга болохоос нь өмнө радар дээрээ харж байсан аж. Тус онгоц Жакартагийн нисэх буудлаас Калимантан мужийн Понтианак хүрэхээр 62 хүнтэй хөөрөөд дөрвөн минутын дараа сураг тасарсан аж. 62 хүний 12 нь нислэгийн багийнхан, 50 нь зорчигч бөгөөд тэдний 10 нь хүүхэд байжээ.
ӨМНӨХ ОСЛУУДЫН ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА
Өмнө нь хоёр ч удаа осолдоод буй “Boeing 737 MAX” загварын агаарын хөлгийн талаарх мэдээллийг нуун дарагдуулж, АНУ-ын Засгийн газрыг хууран мэхэлсэн гэх хэргээр “Boeing” компани 2.5 тэрбум ам.долларын торгууль төлөхийг өнгөрсөн пүрэв гарагт зөвшөөрөөд байлаа.
Нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани пүрэв гарагт Техас мужийн шүүхтэй тохиролцоонд хүрээд байсан юм. Улмаар зохих шаардлагыг биелүүлбэл АНУ-ын Хууль зүйн яам “Boeing”-ийн хэргийг гурван жилийн хугацаанд хэрэгсэхгүй болгох ажээ. Хэдий тийм боловч тус компанийн өмнөх болон одоогийн удирдлагуудыг шүүхийн өмнө мэдүүлэг өгөх шаардлага тавиад байна.
Энэхүү мэдээллийн дараа “Boeing” компанийн хувьцааны ханш нэг орчим хувиар буурч, нэгж хувьцаа нь 211.26 ам.доллар болоод байв. Харин өчигдрийн Жакартагийн ослын дараа дээрх нөхцөл байдал өөрчлөгдөх нь тодорхой болж байна.
С.Баяр /Bossnews/