“Зүрхний” хэмээн нэрлэгддэг, “Улаанбаатар сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдар туссан тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр өнөөдөр /2021.01.22/ өглөө МИАТ-ийн ачааны карго нислэгээр биеэ эмчлүүлэхээр ниссэн байна. Нислэг үйлдэхээс хэдхэн цагийн өмнө “Зүрх мартахгүй” төслийнхөө хүрээнд Монголын бас нэгэн бяцхан иргэнд зүрхний ховдлын цоорхой нөхөх хагалгаагаа амжилттай хийгээд морджээ. Тэрбээр нисэхийн өмнө өөрийн цахим хуудастаа “Өнөөдөр эмчилгээнд яваад нэг сар хагас орчим болоод ирэх байх. “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй ээ. Намайг байсан ч байхгүй ч үргэлжлүүлээд явах 20-д хүнтэй чадвартай сайн баг бий. Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, Хашчулуун эмч нараар ахлуулаад үлдэж, ажлаа хийнэ” хэмээн бичжээ.
2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг эмчилсэн байхыг зорьж байна
Уг төслийн талаар Б.Болдсайхан эмч таницуулахдаа “Алслагдсан аймаг, сумдад сар бүр өөрийн биеэр очиж үзлэг хийж байна. Явах бүртээ 100-аад хүнд үзлэг хийхэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд илэрсээр л байна. Зарим хүүхдийн ээж, аав Улаанбаатар хот байтугай аймгийн төв ч орж үзээгүй байх нь бий. Эмнэлгийг хэзээ ч өөрөө зорьж ирэхгүй, яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд байхад ч зарим хүн тоодоггүй. Энэ мэт олон шалтгаан бий тул 2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг эмчилсэн байхыг зорьж байна” хэмээн ярьж байлаа.
Гэхдээ тус эмнэлгийн чадварлаг эмч нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа “Зүрх мартахгүй” төслийн “Зүрх” нь яах аргагүй Б.Болдсайхан эмч өөрөө юм.
Тэрбээр мөн өнөөдөр өглөө “Уучлаарай .. нэгдүгээр сарын 13-ы шөнө ходоодноос 3 литр орчим цус алдаж ухаангүй “Сонгдо” эмнэлэгтээ хүргэгдэн ирж дурангаар цус тогтоолгосон. Явах дөхсөн … Ходоодны хорт хавдар гэж онош гарсан. Нэгдүгээр сарын 19-нд эмнэлгээсээ гарлаа. Гэхдээ эмнэлэгт байх хоорондоо явах өдрөө хүртэл хойшлуулшгүй хүндэрсэн хүүхдүүдийн хагалгаа орсон.
Уучлаарай: 1
МИАТ ачааны карго онгоцонд билетээ аваад нислээ. Битгий бүүр их муу хэлж, шүүмжилж, үзэн ядаарай. Хэн нэгнийг хойш урагш болгоогүй ээ.
Уучлаарай: 2
Зун, намаржин ходоод өвдсөн ч дурандуулалгүй дараа долоо хоногт гэж өвчтөндөө огт зөвшөөрдөггүй байж өөрөө гаргасан тэнэглэлээс өвчин хожуу мэдэж хүндэрсэнд. Үүний улмаас “Зүрх мартахгүй” төслөөр зүрхний хагалгаанд орж амжих байсан жоохон хүүхдүүдийн өмнө уучлал гуйя.
Хоёр сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавья” гэжээ.
Г.Баяр /Bossnews/