Нэгдүгээр төрөхөөс дөнгөж төрсөн халдвартай эх, хүүхдийг зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсан хэмээн Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Засгийн газар огцрохтой зэрэгцэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү гээд олон хүн хариуцлага хүлээж, ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгвэл Нэгдүгээр төрөх эмнэлгийн дарга Г.Баясгалан ганцаараа хариуцлага хүлээхгүй үлдэв. Угтаа бол Нэгдүгээр төрөх эмнэлгийн дарга дөнгөж төрсөн эх ямар нөхцөл байдалтай байх, яаж тусгаарлаж, хэрхэн ХӨСҮТ рүү тээвэрлэх талаар зааварчилгаа, мэдээллийг ажилчдадаа өгөх ёстой хүн нь Г.Баясгалан дарга.
Тэр хүн албаны үүргээ биелүүлж, удирдлага арга зүйгээр хангадаггүй юм аа гэхэд эмэгтэй хүний хувьд бага зэрэг сэтгэл тавиад “Ар гэрээс нь хувцас гутал нь иртэл тусгаарлах өрөөнд тусад нь хүлээлгэ” гэдэг үгийг хэлчихээгүй. Өргөө амаржих газраас эх, хүү хоёрыг хөөх шахам гаргасан нь нийгэмд асар их дургүйцлийг төрүүлж, Засгийн газар хүртэл огцорсон. Харин өнөөх Г.Баясгалан сандал ширээтэйгээ зууралдсаар л.
Тэгвэл тав хоногийн өмнө дахин нэг халдвартай ээж Өргөө амаржих газарт төрж, халдварт руу шилжсэн талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагууд өгсөн. Тэгэхдээ тухайн эмэгтэй төрснийх нь дараа халдвартай нь тогтоогдсон гэх мэдээлэл байгаа ч, үүнийг үгүйсгэх шалтгаан бас бий аж. Учир нь өнгөрсөн сарын 31 буюу тав хоногийн өмнө Өргөө амаржих газарт төрсөн эмэгтэй нь Баянзүрх дүүргийн харьяалалтай, мөн төлөвлөгөөт хагалгаагаар төрсөн байна.
Харьяаллын бус халдвартай хүнийг эмнэлэгтээ төрүүлэх санааг хэн гаргав
Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүд харьяаллын дагуу Амгалан амаржих газарт төрөх ёстой. Гэтэл харьяаллын бус хүнийг Өргөө амаржихад, төлөвлөгөөт хагалгаагаар төрүүлсэн нь Г.Баясгалан захирал өөрт нь хариуцлага тооцох хугацааг хойшлуулах заль байв уу, эсвэл тус эмнэлгийн эмч нар мөнгө авч төрүүлсэн үү гэдэг асуулт гарч ирж байна. Тодруулбал, нэгдүгээр төрөхийн захирал Г.Баясгаланд хариуцлага тооцох субьект болох НЭМГ-ын даргын суудал одоогоор эзэнгүй /Л.Төмөрбаатар халагдсан/ байгаа бөгөөд, түүний үүргийг түр орлон гүйцэтгэгч НЭМГ-ын дэд дарга Л.Зэндмаа “Хариуцлага хүлээж өөрөө ажлаа өгөхийг шаардсан” бичгийг Г.Баясгалан захирал руу явуулж байжээ. Улмаар ковидын тохиолдол гарч, тус эмнэлгийн үйл ажиллагааг түр хумиж, онцгой нөхцөлд шилжүүлээд байсан. Эмнэлгийн нөхцөл байдал хэвийн болохоор өөрөө хариуцлагаа хүлээ гэдэг албан шаардлагыг хүргүүлсэн ч эс хэрэгссэн Г.Баясгалан дахин нэг халдвартай ээжийг эмнэлэгтээ төрүүлж, өөртөө хугацаа хожих заль ашигласан уу гэдэг хардалт бас байгаа юм.
Г.Баясгалан захирлын ар тал нь УИХ-ын гишүүн асан О.Содбилэг үү?
Удаа дараа хариуцлага алдсан ч Өргөө амаржихын захирлын суудалтай хадчихсан юм шиг зууралддаг Г.Баясгаланг ар талын хамгаалалт сайтай гэж ярих нь бий. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийн эхнэр Э.Туулын үеэл эгч гэх нь ч бий. Хамгийн их хариуцлагагүй, хамгийн түрүүнд огцрох ёстой нь Г.Баясгалан захирал гэдэг нь түмний нүдэн дээр ил байгаа ч, албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж байгаагаас нь харахад ар талдаа бат найдсаных уу, аль эсвэл гэмшиж, ичих булчирхай нь арилчихсан хүн үү гэдэг л болж байна даа.
О.Ууган-Эрдэнэ /Bossnews/