Амазон компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог Жэф Безос гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа өөр хүнд шилжүүлэх болсныг өчигдөр зарлажээ. Тэрбээр $196 тэрбумын хөрөнгөтэйгээр Форбс сэтгүүлээс гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж байна.
Өчигдөр Амазон компани 2020 оны сүүлийн улирлын санхүүгийн үр дүнгээ зарлажээ. Тус компани сүүлийн гурван улирал дараалан түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан бол сүүлийн улиралд анх удаагаа $100 тэрбум давсан борлуулалт хийсэн байна.
Ирэх зун Амазон компанийн удирдлагыг шилжүүлэх бөгөөд одоо тус компанийн Cloud computing бизнесийг хариуцдаг Энди Жэсси шинэ гүйцэтгэх захирал болох ажээ.
Харвардын Бизнесийн сургуулийг төгссөн Жэсси 1997 оноос Амазонд ажиллаж эхэлсэн бөгөөд AWS (Amazon Web Services) компанийг үүсгэн байгуулж, олон сая хэрэглэгчтэй Cloud үйлчилгээ болгосон юм.
Амазоны ирээдүйд Cloud бизнес ямар чухал болохыг энэ үйл явдал харуулж байна.
27 жилийн өмнө интернэтээр ном зарж, бизнесээ эхэлсэн Жэф Безос цаашдаа Day 1 Fund, Bezos Earth Fund, Blue Origin, The Washington Post зэрэг бусад бизнесүүддээ төвлөрч ажиллах гэнэ.
Blue Origin нь түүний байгуулсан сансрын аяллын компани бол The Washington Post нь түүний хувийн эзэмшилд байдаг Америкийн томоохон сонин юм.
Одоо 57 настай Безос “Энэ бол бизнесээс зодог тайлж байгаа хэрэг биш. Би өмнө нь хэзээ ч ийм их эрч хүчтэй байгаагүй” гэж мэдэгджээ.
Тэрбээр ирэх зунаас эхлэн Амазон компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах юм.
Г.Баяр /Bossnews/