улс төр

С.Эрдэнэ: Ардчилсан намыг би байрнаасаа хөөгөөгүй, гэнэт пижигнээд л нүүсэн…

Намын тамгаа шинээр хийлгүүлж авсан  Ардчилсан намын дарга С.Эрдэнэ буцаад ажилдаа орж буйгаа зарлалаа.  Улмаар  Ардчилсан нам цаашид  хуучин  байрандаа буюу 2020 оны УИХ-ын сонгууль болохоос өмнө байрлаж байсан  С.Эрдэнийн эзэмшил бүхий байрандаа үйл  ажиллагаагаа явуулах болсныг мэдэгдэв.  

Тэрбээр “УБЕГ-ын байцаагчийн дүгнэлтээр тамга надад ирсэн учир АН өнөөдрөөс хуучин байрандаа үйл ажиллагаа явуулж эхэллээ. УДШ-ийн цахим мэдээллийн санд Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр оруулсан алдаагаа холбогдох хүмүүс нь залруулна гэдгээ мэдэгдсэн” гэв.  Мөн Ардчилсан нам цаашид улс төрийн хүчний идэвхтэй байр сууринд  шилжиж ажиллах  бөгөөд  намын дараагийн даргыг томилох  үндсэн дүрмийг  боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан гэлээ.  

Энэхүү мэдээллийг өгснийхөө дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.  

-Ардчилсан нам өнөөдөр 2 хуваагдсан байна.  Цаашид ямар гарц гаргалгаа байгаа вэ?  

-Монгол Улс хуультай улс. Улс төрийн нам,  төрийн болон төрийн бус  байгууллагууд хуулийн дагуу л  ажиллана. Хууль ёсны эрх  бүхий байгууллагаас олгосон тамга тэмдэг,  бүртгэл бүхий нам  ажиллаж байна.  Өнөөдөр УДШ-д Ардчилсан намын даргаар  Содномзундуйн Эрдэнийг  бүртгэсэн бүртгэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Мөн УБЕГ дээр ч мөн адил. Шаардлагатай гэж үзвэл хууль  бусаар УДШ-ийн цахим бүртгэл дээр  намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж дур мэдэн нэмэлт,  өөрчлөлт  оруулсан этгээдэд  хариуцлага тооцуулах  асуудлыг бид тавина. Мөн өөрийгөө намын даргын  эрхтэй гээд  байгаа нөхөр дээр байгаа тамга хүчингүй болсон.  Хуучин тамга албан ёсоор хүчингүй болж,  бүх банк  санхүү,  даатгал,  хууль  шүүх  прокурорт  шинэ тамганы талаарх  мэдээллийг хүргүүлсэн.  АН  2 хуваагдаагүй.  Дотоод үл ойлголцол,  зарим нэг хүний дүрмийн бус тоглолт  болсон.  

-Зарим нэг хүн гэж та хэнийг хэлж байгаа вэ?  

-Ц.Тувааныг хэлж байна.  

–  Ардчилсан нам 2020 оны УИХ-ын  сонгуулийн үеэр  маш  олон  хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ хийсэн  ч,  гэрээний хүрээнд  хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зохих төлбөрөө төлөөгүй.  Энэ  асуудал таньтай шууд  холбоглох учраас  асууж байгаа юм.  

Эрх шилжүүлсэн нөхөрт үүрэг харицлага, мөнгө хамт шилжсэн.  Тэр нөхөрт  хэвлэл мэдээллийн сурталчилгааны төлбөр огт  байгаагүй биш.  Би тэр асуудлыг хариуцсан  этгээдүүдийг  нь хамт хүлээлгэж өгсөн байгаа.  

-Ардчилсан намын дүрэм өнгөрсөн 6 сарын хугацаанд  зөрчигдөж ирсэн гэлээ. Та дүрмийн бус  үйл ажиллагаа явагдаж байна гэж үзсэн бол  хагас жилийн хугацаанд  энэ талаар яагаад дуугараагүй юм бэ?  

-Би  өөрт нь хэлж байсан.  Биечилж уулзсан, утсаар ярьсан,  мөн  сошиал  сувгаараа хүртэл байр сууриа илэрхийлсэн. Бүр аргаа бараад  энэ сарын 18-нд  Ц.Туваанд  олгосон  түр  эрхийг цуцлаад,  Ардчилсан намын даргын тамгыг  24 цагийн дотор  авчрах шаардлагыг  Ц.Туваанд  хүргүүлсэн.  Арга буюу эрх  бүхий байгууллагад  хандаж,  асуудал шийдэгдээд явж байгаа нь  энэ.  

-Та яагаад Ардчилсан намыг  энэ байрнаас нь  гаргасан юм бэ?  

-Ардчилсан намыг  байргүй болгосон  хүн нь би  биш.  Намайг анх ажил  авахад  Ардчилсан нам  ямар ч байргүй болчихсон байсан.   2 байр байсныг  нь худалдчихсан  байсан  учир  арга буюу байршил,  ач холбогдлыг  нь бодож Ардчилсан нам энд  4 жил байрласан. Тэгэхдээ зөвхөн урсгал зардлыг  нь төлүүлээд явж байсан.  Дараагийн дарга томилогдож,  байрны асуудал албан ёсоор шийдэгдтэл  цаашид  эндээ байрлаж, үйл  ажиллагаагаа явуулна.  Би намын удирдлагын эрхээ шилжүүлэхдээ ямар нэгэн байдлаар хөөж туугаагүй.  Гэнэт  нэг  өдөр  пижигнээд гараад явчихсан.  Юу болов, яав гэтэл “өөр байранд  орж байна”  гэсэн. Гэтэл Ардчилсан намыг  доромжилж байгаа юм шиг  манай намаас урваж,  үйл хэргийг  нь доромжилсон нөхрийн байранд орчихсон байсан. Гэх мэт чилэн намын эрхэмлэх үнэт зүйл,  дүрэм  журмыг  олон хэлбэрээр  зөрчсөн. Тиймээс  би  энэ бүхнийг  засах зорилгоор  би ажилдаа буцаад орж байна.   

Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss