Цаг үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс болж зургаан хүн амиа алджээ

Өчигдөр /03.14/ болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Дундговь аймагт таван хүн, Архангай аймгийн Өгий нуур суманд таван настай нэг хүүхэд амиа алдсан байна. Тодруулбал, Дэлгэрцогт суманд нэг хүн, Өндөршил суманд нэг, Дэрэн суманд нэг хүн, Баянжаргалан суманд хоёр хүн амиа алджээ. 

Сураггүй алга болсон иргэдийн тухай дийлэнх дуудлага Дундговь аймагт бүртгэгдсэн ба одоогоор тус аймагт 17 хүнийг хайж байна.  Мөн арав гаруй аймагт 58 гэр, 120 гаруй хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хууларч, 1200 гаруй мал шуурга урууджээ. Анх төөрч алга болсон 548 хүний тухай дуудлага ирээд байжээ.

Мөн цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас гуравдугаар сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг тулгуур багана унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан. Дөргөний усан цахилгаан станцаас түр холболт хийн дээрх гурван аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байна. Унасан тулгуур баганыг босгох ажлыг Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байгаа аж.

Мөн Зүүн бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг цахилгаан дамжуулах агаарын шугамын 207 дугаар шугамд гэмтэл гарч Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт түр зуур цахилгаан тасарсан. Гэмтлийг даруй арилгаж хэвийн байдалд шилжүүлжээ. 

Boss
the authorBoss