ОнцлохЦаг үе

А.Ариунзаяа сайд та санхүүгийн сахилга батгүй албан тушаалтнуудаа мэдэж байгаа юу

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд 2020 онд санхүүгийн сахилга батгүй байсныг илтгэх аудитын тайлан ил болжээ.   Тодруулбал, нийт 114,9 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил аудитаар илэрсэн аж.  Алдаа зөрчлүүдээсээ заримыг  нь шалгалтын явцад залруулсан  ч их хэмжээний  мөнгөн дүнтэй зөрчлүүдэд төлбөрийн акт тавих,  зөрчлийг арилгах,  хариуцлага тооцох  шаардлага хүргүүлээд  байгааг аудитын  байгууллагын тайлангаас харж болохоор байна.  Тухайлбал, 425.8 сая төгрөгийн зөрчилд 68 төлбөрийн акт тогтоосон бол 22,591.7 сая төгрөгийн зөрчлийг арилгах 81 хариуцлага тооцуулах 2 албан шаардлага хүргүүлжээ.  Мөн 7.3тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх 231 зөвлөмж өгчээ. Энэ бол санхүү бүртгэлтэй холбоотой алдаа зөрчил юм. 

Чухам энэ их санхүүгийн зөрчлийг юун дээр  гаргасныг ухаж харвал: 

НЭГ:   ахмад настанд  амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг сонгон шалгаруулахдаа хууль зөрчиж  шаардлага хангаагүй 19 оролцогчийг шалгаруулжээ.  Эдгээр 19 байгууллага дотор  татвар, нийгмийн даатгалын өртэй 13 компани байгаа бол өмнөх онд үйл ажиллагаа явуулаагүй 1, сувиллын бүтэц, үйл ажиллагаанд тавих стандартыг хангаагүй 5 аж ахуйн нэгжийг сонгож, 768.4 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. 

ХОЁР: Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллага Монгол-Солонгосын Политехник коллежийн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар тус байгууллага нь кассаар хүлээн авсан өөрийн орлогыг төрийн сангийн бүртгэлийн дансанд төвлөрүүлээгүй, авлагын үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулаагүй байна. Засгийн газраас тогтоосон цалингийн сүлжээ, шатлалыг баримтлаагүйгээс цалин илүү олгосон, ажиллагсдын цалингаас суутгавал зохих НДШ, ХХОАТ-ыг дутуу суутгасныг байгууллагын төсвөөс төлсөн, урьдчилж орсон орлогыг данс буруу бүртгэснээс санхүүгийн тайланд орлого дутуу илэрхийлэгдсэн зэрэг зөрчил гаргасны улмаас “СӨРӨГ” санал дүгнэлт авсан байна. 

ГУРАВ: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан нь Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хоёр ажилтанд ажлаас чөлөөлөгдсөн хугацааны нийт 17.5 сая төгрөгийн цалинг төсвөөс нөхөн олгосон. Угтаа бол хуулиараа буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар хохирлыг барагдуулах ёстой юм.  Энэ бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас илэрсэн алдаа, зөрчлүүдийн нэгээхэн хэсэг нь. Тендерийн хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүдэд төсвийн мөнгө тараасан энэ хэргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа та мэдэж байгаа юу?

Г.Баяр |bossnews.mn|

Boss
the authorBoss