нийгэм

Ж.Батбаясгалан: Найрамдлын буухиа уулзалтаар ирэх 100 жилийн харилцааныхаа суурийг бэхжүүлнэ

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран “Хамтдаа 100 жил” сэдэвт найрамдлын цахим буухиаг энэ оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж байгаа юм.  Нийт найман сарын турш ОХУ-ын нийслэл Москва хот болон Новосибирск, Барнаул, Горноалтайск, Кызыл, Эрхүү, Улаан-Үд хоттой цахим буухиа уулзалтыг зохион байгууллаа. Харин өнөөдөр энэхүү арга хэмжээ Улаанбаатар-Чита хотын хооронд буухиалсан бөгөөд үүнд Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон бусад албаны хүмүүс оролцов.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Монгол Улс, Оросын Холбооны Улс /ОХУ/ нь газар нутгийн болон хоёр орны ард түмний хувьд салшгүй холбоотой, мөнхийн хөршүүд. Олон мянган жилийн найрамдалт харилцаа, орчин цагийн 100 жилийн дипломат харилцааны үр дүнд өнөөдөр манай хоёр орон стратегийн түнш хөршүүд болсон. Зөвхөн улс төр, дипломат харилцаа биш соёл, шинжлэх ухаан, урлаг гээд бүхий л салбарт хөгжүүлж буй жирийн харилцааг мөн онцлох хэрэгтэй. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд хоёр орон маш олон салбар чиглэлд хамтын харилцааг хөгжүүлсээр ирлээ. Тиймээс бид хоёр улсын хил дагуух бүс нутгууд, хамтын ажиллагаат хотуудтайгаа цахим уулзалт хийж, төлөвлөсөн ажлуудаа дуусгах, ирэх 100 жилийн харилцааныхаа суурийг бэхжүүлэхэд энэхүү буухиа уулзалтын үр дүн оршиж байна” гэлээ. 

Мөн Монгол Улсын баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Улс орнууд хоорондоо дипломат хэлээр харилцах нь нэг хэрэг. Мөн “ардын дипломат” гэсэн сайхан харилцаа байдаг. Хоёр орны ард түмнүүдийн санаа бодол, ахуй соёлоор дамжуулан дипломат харилцаагаа хөгжүүлэх нь ихээхэн үр дүнтэй гэж бодож байна. Монгол ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн хугацааны 74 жилд нь Монгол Оросын найрамдлын нийгэмлэг үйл ажиллагаагаа явуулж, “ардын дипломат”-ууд маань өндөр их үүрэг гүйцэтгэсэн гэж боддог” хэмээв. Найрамдлын  буухиа уулзалт  ирэх  аравдугаар сард  Улаанбаатар-Элиста хотын  хооронд  болсноор  өндөрлөнө.  

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Boss
the authorBoss