Уур, амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хангах буюу цөлжилт, дулааралтай тэмцэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан, өнөөдрөөс эхлүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд нэг тэрбум модыг Монгол Улсад тарьж, ургуулна. Нийслэлийн ИТХ, Хурлын Ажлын албаныхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, 17 байгууллагын ажилтан, албан хаагчдын хамт Налайх дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд 1475 мод, бут, сөөг тарилаа.
Ташрамд, өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь нэн хүнд буюу цөлжилтөд өртсөн судалгаа бий бөгөөд “Тэрбум мод” хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал нэн хүнд хэлбэрээр өртсөн 129 сая га талбайн хэмжээг 4 хувиар бууруулах тооцоолол гарчээ.