Австралийн Перт хотод төвтэй TMK Energy компани /Монгол дахь нэр нь Тэлмэн ресурс/ Монголын Өмнөговийн ай сав дахь Гурвантэсийн нүүрсний давхаргын хийн төслийн хүрээнд зөөврийн хий олборлох боломжтойг баталж, “Азтай үнэг-1” цооногоос анхны хийг гурван цагийн турш урсгасан гэж мэдээлжээ. Тус компани “Азтай үнэг-1, 2, 3” гэсэн гурван цооногийн насосны хурдыг нэмэгдүүлэх замаар хийн урсгалыг нэмэгдүүлэх зорилготой тул төслийн хүрээнд өргөтгөсөн үйлдвэрлэлийн туршилтыг хийж байгаа аж. Хэрэв хий үйлдвэрлэлийн томоохон нөөц тогтоогдвол олборлолтод шилжинэ гэсэн үг. Эхний ээлжид метан хийгээс эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн баталгаатай нэлээд их хэмжээний нөөц тогтоогдвол эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болно гэсэн үг юм. Тухайн эрчим хүчийг Гурвантэс сум болон Монгол Алт Компани (МАК)-ийн уурхайд нийлүүлэх урьдчилсан тохироотой явж байгаа аж. Гурван цаг гаруй хугацаанд хий шатаасан нь гадарга руу урсах боломжтой хий байгааг нотолж байгаа бөгөөд өргөтгөсөн үйлдвэрлэлийн туршилтыг үргэлжлүүлэх явцад хийг тогтвортойгоор олборлох боломжтой гэдгийн илрэл юм. “TMK Energy”-ийн гүйцэтгэх захирал Брендан Статс “Өргөтгөсөн үйлдвэрлэлийн туршилт ирэх долоо хоногт дуусаж, газрын гадарга дээрх хийн тогтмол урсгалд хүрэхийн хэрээр TMK болон MAK хооронд энэ оны гуравдугаар сард байгуулсан эрчим хүч олборлох гэрээгээр дамжуулан ТМК нь үйлдвэрлэсэн хийг МАК-д орон нутгийн эрчим хүчний бөөний үнээр худалдахаас гадна модульчлагдсан эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглана. Бидний ашиглаж байгаа цооногууд 1.2 их наяд өндөр метан хийн нөөцтэй гэж төслийн урьдчилсан ТЭЗҮ-д тусгагдсан” гэжээ. Перт хотод төвтэй Талон Энержигийн хамтарсан компанийн нэг хэсэг болох TMK Монголын Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компани нь Монгол Улсад 15 жилийн хугацаатай хайгуулын лиценз эзэмшиж, олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн газар нутагт урт хугацааны байгалийн хийн олборлолт хийхээр төлөвлөж байгаа юм. Хятад улс эрчим хүч, үйлдвэрлэлийн салбараа өргөжүүлэхийн тулд байгалийн хий болон бусад эх үүсвэрийг хайж байгаа энэ үед Монгол Улс метан хийнээс эрчим гаргах гэж байгаа нь маш том боломж юм. Гурвантэсийн төсөл өмнө зүгт 20 км хүрэхгүй зайд буюу Хятадын хилтэй маш ойрхон. Гурвантэсийн голын дагуух нүүрсний давхаргууд хийн нөөц ихтэй гэж тус компани үзэж байна.
Энэ долоо хоногт компанийн хувьцаа 14 гаруй хувиар өссөн нь TMK-ийн хийн туршилтын мэдээлэл тарсантай холбоотой юм.