нийгэм

Шадар сайд, Хотын дарга нар дархлаажуулалтын цэгт ажиллалаа

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хан-Уул дүүргийн VII хорооны 73 дугаар цэцэрлэгт байрлах дархлаажуулалтын цэгт өнөөдөр ажиллалаа. Сургуулиудад эцсийн халдваргүйжүүлэлт хийж, дархлаажуулалтын цэгүүдийг цэцэрлэгүүд рүү шилжүүлж эхэлсэн.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Дөрөвдүгээр сарын 23-нд хамгийн олон буюу 11140 хүнийг вакцинжуулсан. II тун өнгөрсөн баасан гарагт эхэлсэн ч иргэдийн идэвх муу байна. Дүүргийн өрхийн эмнэлгүүд 1413 хүнд хяналт тавьж байгаа. Тандалт, судалгаа, хариу арга хэмжээний 10 баг ажиллаж байна. Өчигдөр гэхэд 66 хүнийг эмнэлэгт хэвтүүлж, 66 хүнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ. Өнөөдөр 113 хүн шинээр халдвар авсан. Дүүргийн харьяаллын 472 хүн эмнэлэгт хэвтэж, гэрээр 464 хүн эмчлүүлж байна. Ойрын хавьтал 1261 хүн хяналтад байгаа. Дүүргийн хэмжээнд нийт 6386 хүн халдвар авсан” хэмээн ярилаа. Түүнчлэн эмнэлгийн ор дүүргийн хэмжээнд хүрэлцээтэй байгаа гэнэ. Иргэдийн хувьд гэртээ эмчлүүлэх хүсэлтэй байгаа ч хүндэрч эмнэлэгт ирэх нь олон байгааг мөн хэлж байлаа.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Нийслэлчүүд вакциндаа сайн хамрагдаж байгаа. Нийслэл, дүүргийн удирдлагууд маш сайн ажиллаж байна” гэсэн бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дүүрэг, хорооны удирдлагууд зохион байгуулалтыг сайн хийж, иргэддээ хүрч, вакцинжуулалтыг эрчимтэй явуулж байгаа. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг мөн сайн хийх чиглэл өгсөн” хэмээн ярилаа. Мөн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг иргэдийн вакцины хамрагдалттай уялдуулж нээхээр төлөвлөж байгааг онцолсон.

Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ахмад настай 2400 гаруй хүн вакциндаа хамрагдаад байна. Одоо 4000 гаруй хүн хамрагдах дутуу байгааг 14 хоногт багтаан дуусгахаар зорьж, ажиллаж байгааг хэллээ. Мөн Хотын даргаас өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд өнгөрсөн бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн менежерүүдтэй онлайн сургалт хийж, тусгаарлалтад байгаа хүмүүсийн хяналт, эмнэлгийн тусламжийг өгөөжтэй, чанартай хүргэх, идэвхжүүлэх сургалт хийжээ.

Boss
the authorBoss