Дарханчуудыг дулаанаар хангах чиг үүрэгтэй төрийн өмчит “Дархан дулааны сүлжээ” компанийн 2019 оны үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна. Тодруулбал, тус компани үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсруулаагүй бөгөөд үйл ажиллагааны зардал 217.3 сая төгрөгөөр хэтэрсэн байгааг аудитын тайланд дурджээ. Мөн худалдан авах ажиллагаа өмнөх онуудаас нэмэгдэж, худалдан авах ажиллагаанд холбогдох хууль, журмын хэрэгжилт хангалтгүй байгаа нь аудитын шалгалтаар илэрсэн байна. Үүнээс гадна 2019 онд Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 2018, 2019 онд нийт 754.1 сая төгрөгийг зарцуулсан бол удирдлагын зардлыг 2019 онд 118 сая төгрөгөөр төлөвлөж 118.8 сая төгрөгийг зарцуулж 0.8 сая төгрөгөөр хэтэрсэн байна.
“Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн зөвхөн худалдан авах ажиллагаанд гарсан зөрчлүүдийг сийрүүлье.
- 2018 онд Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас болох www.tender.gov.mn-д 169.449.6 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй 7 тендерийг огт мэдээлээгүй, 122,780.8 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй 4 тендерийн үр дүн, нийт 292,230.4 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй 11 тендерийн үр дүнг мэдээлээгүй байна.
- 2018, 2019 оны Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмаар зохион байгуулсан 22.2 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Даатгалын үйлчилгээний “Монгол даатгал” ХХК, “Практикал даатгал” ХХК, “Улаанбаатар даатгал” ХХК гэх 3 компанид үнийн санал явуулсан. Уг 3 компаниас “Улаанбаатар даатгал” ХХК-аас үнийн санал ирүүлж, нөгөө 2 компаниас үнийн санал ирүүлээгүй гэж үнэлгээ хийсэн гишүүдийн хурлын тэмдэглэлд дурдсан байна. “Монгол даатгал”, “Практикал даатгал” компаниудын Дархан-Уул аймаг дахь салбартай холбогдож үнийн санал ирүүлэх тухай албан бичиг ирсэн талаар тодруулахад тус компаниас үнийн санал авах тухай албан бичиг ирээгүй болох нь тогтоогдсон. 2018 онд 19.7 сая, 2019 онд 18.4 сая, нийт 38.1 сая төгрөгийн даатгалын гэрээг хууль зөрчиж хийсэн байна.
- 2019 онд Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулсан 82.4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Ган хаалт нийлүүлэх ажлын үнэлгээний хорооны 6 гишүүний 2 нь үнэлгээний хуудас байхгүй, үнэлгээ хийсэн баримт нь засвартай, гарын үсэг зурагдаагүй, 4 үнэлгээний хуудасны 2 нь “Дархан ар шанд” ХХК-ийг ижил төрлийн ажил гүйцэтгэсэн туршлагын баримт материал дутуу гэж тэмдэглэсэн байхад уг компанийг шалгаруулсан, 82.4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Ган яндан нийлүүлэх тендерийн бичиг баримтын 2 дугаар бүлгийн ТОӨЗ 18.2-д тендер шалгаруулалтад оролцогч компани нь сүүлийн 3 жил ашигтай ажилласан байх гэж заасан байхад 2017 онд санхүүгийн тайлангаар алдагдалтай ажилласан “Өгөөмөр баян булаг” ХХК-ийг шалгаруулсан, харьцуулалтын аргаар 32.4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Хөдөлмөр хамгааллын хувцас худалдан авах тендерт шалгарсан “Шилмэл дизайн” ХХК-ний 2017, 2018 онуудад ижил төрлийн ажил гүйцэтгэсэн гэрээ боловч уг гэрээг дүгнэсэн акт байхгүй компани шалгаруулсан байна. Мөн үнэлгээний хорооны гишүүдийн хурлын тэмдэглэл байхгүй, гарын үсэг дутуу байсан байна.
Хамгийн сонирхолтой нь, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2020 оны зургадугаар сарын шилэн дансны мэдээлэлд Б-63 тоот тушаалын дагуу 7.1 сая төгрөгийн урамшууллыг иргэн Д.Гантуулын Капитрон банкны 3006023651 тоот дансанд тушаасан байна. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Гантуул 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм. Дээрх урамшууллыг “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантуул өөртөө өгсөн үү, эсвэл овог, нэр ижил хүндээ өгсөн үү?
Б.Тэлмэн /bossnews/
2 Comments
Comments are closed.
Ugaasaa dawartsan gazar
Энэ намд оор боловсон хучин алга уу ялзарсан