СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ХОГ ХАЯГДЛЫГ ЭХ ҮҮСВЭР ДЭЭР НЬ АНГИЛАН ЯЛГАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн хувьд хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орчны бохирдлыг бууруулах, хөрсөнд дарж булагдах хогны хэмжээг багасгах зорилгоор Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.Дүүргийн 2, 3 дугаар хороонд 2021 оноос эхлэн 500 айлын хогийг ангилан ялган авах зориулалтын савыг байршуулан хуваарийн дагуу тээвэрлэн авч байгаа. Үүний үргэлжлэл болох дүүргийн 4 бүсэд дахивар авах цэгийг байгуулж байна. Үүний үр дүнд аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн ангилсан дахивар нөөцийг дахин ашиглах, дахин боловсруулах боломж нөхцөлийг бүрдүүлж байна.Өнөөдрийн хувьд дүүргийн төсвийн санхүүжилтээр Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах стандартын жишиг хогийн савыг 43 хороо тус бүрт нийт 129 ширхэгийг гардуулж өглөө.Ингэснээр иргэд хогоо ангилан ялгах дадал хэвшилд суралцах, хөрсөнд дарж булагдах хогны хэмжээг бууруулах зорилтыг тавин ажиллаж байна.Тус цэгүүд дээр цугларсан ангилан ялгасан хоёрдогч түүхий эдийг “Түвшин Сайхан мөнх” НҮТББ-тай хамтран авахаар ажиллаж байна. Энэ байгууллага нь хоёрдогч түүхий эд худалдан аваад 14 жил болсон туршлагатай.