Цаг үе

COVID-19-ИЙН НЭН ХҮНД ХЭЛБЭРЭЭР 1465 ХҮН ЭНДЭЭД БАЙНА

Сүүлийн нэг хоногийн байдлаар COVID-19-ийн халдварын 1566 тохиолдол нэмж батлагдлаа. Улсын хэмжээнд PCR шинжилгээгээр батлагдсан нийт тохиолдол 328 мянга 304 болсныг Эрүүл мэндийн яам мэдээлэв. Аравдугаар сар гарсаар COVID-19-ийн халдварын 24 мянга гаруй тохиолдол нэмэгджээ. Харин “E-Mongolia”-ийн мэдээллээр улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 460 мянга 73 болоод байна. Энэ нь түргэвчилсэн оношлуураар халдвартай нь батлагдсан хүмүүсийн бүртгэл гэдгийг Эрүүл мэндийн яам онцолж байгаа юм. Шинэ тохиолдлуудын 70 орчим хувь нь буюу 1107 нь нийслэлд, 459 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд батлагдсан “коронавирус”-ийн халдварын тохиолдол 240 мянга дөхөөд байна. Өнгөрсөн 24 цагт “коронавирус”-ийн халдварын улмаас 20-80 гаруй насны 15 хүн нас баржээ. Аравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 1465 хүн эндээд байна. Үүнээс гадна 20 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 53 мянга гаруй хүн гэрийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа аж. Харин 6709 хүн эдгэрчээ.

Дархлаажуулалтын хувьд улсын хэмжээнд нийт хүн амын 69.3 хувь нь буюу 2,252,914 хүн “коронавирус”-ийн халдварын эсрэг вакцины эхний тунд, 2,134,111 хүн бүрэн тунд хамрагдаад байна.

Түүнчлэн сүүлийн 24 цагт дархлаа сэргээх нэмэлт тунд 4296 хүн хамрагджээ. Өнөөдрийн байдлаар 345 мянга 914 хүн гурав дахь тунд хамрагдаад байгаа аж.

Boss
the authorBoss