Uncategorized

Нэр хүнд нь унахад нөлөөлсөн компаниас “Balenciaga” $25 саяыг нэхэмжлэв

“Balenciaga”-ийн 2021 оны борлуулалтын орлого 1.76 тэрбум евро болжээ 

Францын “Kering” корпорацын эзэмшдэг тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний “Balenciaga” брэнд “North Six” продакшн компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, багадаа 25 сая ам.долларыг хохирлын нөхөн төлбөрт олгохыг шаардсан байна. Тухайн компаниас явуулсан зар,  сурталчилгааны кампанит ажлын үр дүнд “Balenciaga” олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртөж, баяр ёслолын худалдан авалт эхэлсэн энэ үед санхүүгийн томоохон цохилтод өртөөд байгаа юм.

Тус брэнд баасан гарагт Манхэттэн дэх Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “North Six” компани болон тайз засагч Никола Де Жарден нь насанд хүрэгчдэд зориулсан бичлэгт хүүхдийг уруу татан оролцуулсан гэмт хэрэгтэй холбоотой бичиг баримтыг зар сурталчилгааны кампанит ажилдаа зөвшөөрөлгүй ашигласан хэмээн дурджээ. Үр дүнд нь олон нийт болон хэвлэл мэдээллийн зүгээс “брэндийг маш жигшүүртэй, зүй зохисгүй сэдэвтэй холбон гүтгэсэн” гэсэн байна.

Өнгөрсөн даваа гарагт  “Balenciaga”-ийн зүгээс албан ёсоор хүлцэл өчиж, “Бичиг баримтад тавих хяналт, шалгалт дутмаг байсны хариуцлагыг бүрэн хүлээнэ” хэмээн мэдэгдээд байв. 

Энэхүү үйл явдалтай холбоотой дуулианаас шалтгаалан хамгийн сүүлд цахим орчны инфлюнсер, бизнес эрхлэгч Ким Кардашьян тус брэндтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэхээ дахин бодож үзэхээ мэдэгджээ.

“Balenciaga” 2021 оны борлуулалтаасаа нийт 1.76 тэрбум еврогийн орлого олсныг өнгөрсөн дөрөвдүгээр сард “HSBC” мэдээлж байв.

Boss
the authorBoss