Цаг үе

Коронагаас бусдыг амжилттай “хумьж” буй хөл хорио

Дахиад л хөл хорио. Засгийн газар нийслэлд тогтоосон бэлэн байдлын зэргийг тав хоногоор сунгаж, энэ сарын 11 хүртэл хатуу хөл хорихоор шийдвэрлэсэн. УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатар “Ковид-19 тархалтыг хамгийн үр дүнтэй зогсоож байгаа арга бол хатуу хөл хорионы дэглэм. Дэлхийн бүх улс орон хатуу хөл хорионы дэглэм тавьж байгаа” хэмээн тав хоног хөл хорих шийдвэрээ танилцуулахдаа хэлэв. Тогтоосон тэр хоног нь өнөөдрөөс эхэлж байна. Ирэх долоо хоногийн даваа гараг хүртэлх буюу хөл хорио тавигдах 11-ний өдрийг оруулаад тооцвол /дахиад л сунгачихгүй бол шүү дээ/ нийслэлчүүд яг хоёр сарын хугацааг хатуу хөл хорионд өнгөрүүлж байна. Харин бүтэн хоёр сарын хөл хориогоор коронавирус лав хумигдсангүй. 

Юуг хумив гэхээр иргэдийн хөдөлгөөн хумигдав, орлого хумигдав, ажлын байр хумигдав, жинхэнэ ЖДҮ буюу жижиг дунд үйлдвэр эрхлэлт хумигдав, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн бизнес хумигдав. Үндсэндээ Монголын Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын ажлын үр дүнд коронавирусийн тархалтаас бусдыг амжилттай хумьлаа.  Сүүлийн өдрүүдэд коронавирусийн батлагдсан тохиолдол тогтмол 20 гаруй тоогоор өсөж, өдөрт л нэг шинэ голомт бүртгэгдэж байгаагаас харахад тав хоногийн дараа хөл хорио тавина гэдэг ер нь л үнэмшил багатай, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөрийг тэглэсэн тухай Ерөнхий сайдын мэдэгдэлтэй ойролцоо худлаа сонсогдож байна.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, халдварт болон хавдрын эмнэлэг, Цэргийн госпитал, “Ачтан” эмнэлэг…зэрэг эрүүл мэндийн байгууллагууд,  Энхсаран сувилал,  Амар зочид буудал… гээд тусгаарлах байрнууд нь коронавирусийн голомт болж, тэндээс ард  иргэд нь халдвар авч байгааг харахад мэргэжлийн байгууллагууд нь  өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ барьж чадахгүй байгааг баталсаар байна.   

Зөвхөн сошиалд шүүмжлүүлэхгүй байхад л  ач холбогдол өгч,  мэдээлэл  зөвлөмжийг иргэдэд системтэй зөв өгөхөөс  илүү  албан тушаалтнуудын арьсыг хамгаалах, PR ярьсан  сонгуулийн үеийн “солигддог тэмдэг”-ний нөгөө л өнгө хөл  хорисон 2 сарын хугацаанд харагдлаа.   

Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорио тогтоосноос хоёр сар өнгөрсөн гэдэг бол угаас бэлтгэлгүй байсан ард иргэд, бизнес эрхлэгчдийн олонхынх нь хувьд данс нь улайж, уутаа гөвсөн өдрүүд эхэлсэн хугацаа.  

Аргаа барсан бизнес эрхлэгчид  ажилчдаа бөөнөөр нь халж, нийгмийн даатгалаас олгодог ажилгүйдлийн тэтгэмжэд хамрагдах байдлаар  ажилчдаа орлоготой болгохоор аргаа барж байгаа бол,  айл  өрхүүд хүнсний багцын тусламж ирэхийг хүлээж хөл  хорионы өдрийг өнгөрөөж байна. Одоо ковидийн нөхцөлд дасан зохицоод, эдийн засгаа хөдөлгөж, сэргээхэд анхаарч, түүнээс бий болгосон нөөц бололцоогоо иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглүүлбэл яасан юм бэ.  Иргэдийн эрүүл мэнд эдийн засгийн эрүүл мэнд гэдэг нэг зоосны хоёр тал юм шүү.  

Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss