ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст илэрч байгаа шинж тэмдгийн талаар мэдээлэл өглөө.Тэрбээр “Коронавирусийн халдвар аваад эдгэрсний дараа тухайн хүнд ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдгүүд гарч байгаа талаар дэлхийн олон улс орон судалж байгаа. Тухайлбал БНХАУ-д 1700 өвчтөний дунд хийсэн судалгаагаар зургаан сарын дотор үс унах, ядрах, булчин сулрах, нойр муу болох, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа. Эдгээр шинж тэмдгүүд нь яг коронавирусийн шинж тэмдэг биш халдвар аваад эдгэрсний дараа илэрч байгаа хам шинжүүд гэж нэрлэж байгаа. Тэгэхдээ эдгээр шинжүүд нь хүн бүрт илрэхгүй байгаа. Өвчилсөн хүний нас болон хэр зэрэг хүнд өвдсөн гэдгээс шалтгаалж шинж тэмдгүүд илэрч байна. Хөнгөн хэлбэрээр өвдсөн тохиолдолд хам шинжүүд илрэх нь бага гэсэн үг юм. 60-аас дээш насны ахмад настай өвчтөнүүдэд мартах, ой санамж алдагдах зэрэг шинж тэмдэг давамгайлж байна. Харин 30-с дээш насны залуу хүмүүсийн хувьд эмэгтэйчүүдэд нь үс унах, хумс хугарах, сэтгэл санаа тогтворгүй байх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа. Мөн зүрх, судас, бөөр, уушгинд архаг өвчний үлдцүүд гарч байна. Энэхүү шинж тэмдгүүд нь хэр зэрэг удаан хугацаанд гарч, илэрч үргэлжлэх вэ гэдгийг эрдэмтэд судалж байгаа. Ерөнхийдөө шинж тэмдгүүд эдгэрээд зургаан сарын дотроо гарч байна. Энэ хугацаандаа өвчтөн эмч нарын хяналтад байж сэтгэл засах эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Иймд иргэд аль болох вирусийн халдвараар өвчлөхгүй байхын тулд хүн бүр эрүүл мэндийн байгууллагаас гаргаж, зөвлөж байгаа зааврыг авч хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Мөн шинжилгээнд хамрагдаж эрт үедээ оношлогдох юм бол хөнгөн хэлбэрээр өвчлөх боломжтой гэж зөвлөж байна” гэлээ.
Т.Цэлмэг /Bossnews/