Онцлохулс төр

Тавантолгойд цахилгаан станц барих 14.2 сая ам.доллар салхинд хийсэв

-Зөвхөн цалингийн зардалд 1.6 сая ам.доллар, зөвлөх үйлчилгээнд 2.8 сая ам.доллар зарцуулсан ч үр дүнд хүрсэн ажил хийсэнгүй-

Өмнийн говьд цахилгаан станц барьж, өмнөд хөршөөс импортолж буй эрчим хүчийг багасгах яриа үе үеийн Засгийн газар дамжин яригдаж байгаа боловч бүтээн байгуулалтын ажил нь эхлэхгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Хамгийн сүүлд буюу 2020 оны дөрөвдүгээр сард У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэрийг гаргаж, тухайн үеийн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн олон нийтэд мэдээлж байлаа.

Угтаа бол Тавантолгой цахилгаан станц барих Засгийн газрын тогтоол 2013 онд гарч, Эрчим хүчний яамны харьяанд төслийн нэгж байгуулж, Хөгжлийн банкнаас 14.8 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон. Тэгвэл Үндэсний аудитын газраас энэхүү зээлийн зарцуулалтад аудит хийж, үр дүнгүй болох эрсдэл байгааг тайландаа дурджээ. 2014-2020 оны эхний улирлын байдлаар нийт зээлийн санхүүжилтийн 95.8 хувь буюу 14.2 сая ам.долларыг зарцуулсан байна. Үүнээс зөвхөн цалингийн зардалд 1.6 сая ам.доллар зарцуулсан бол олон улсын зөвлөх үйлчилгээнд 2.8 сая ам.доллар зарцуулсан байна. Гэвч одоогийн байдлаар Тавантолгой цахилгаан станц барих НӨХЦӨЛ БҮРДЭЭГҮЙ, ГҮЙЦЭТГЭГЧ ТОДОРХОЙГҮЙ, цахилгаан станц барих ЗУРАГ ТӨСӨЛ БЭЛЭН БУС, төслийн чиглэлээр өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн үйл  ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 6 жилийн хугацаанд зарцуулсан 14.2 сая ам.долларыг салхинд хийсгэсэн байна. Үүнээс гадна Тавантолгой цахилгаан станц төсөлд олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт санхүүжилт бүрдүүлэхгүй, гадаадын хөрөнгө оруулагчийг татан оролцуулахгүй нөхцөлд төслийн  олон  улсын  зөвлөх  үйлчилгээнд  зарцуулсан хөрөнгө оруулалт, бүрдүүлсэн баримт бичиг үр дүнгүй болох эрсдэлтэй байгааг аудитын тайланд дурджээ. 

Хамгийн сонирхолтой нь, Хөгжлийн банкнаас 14.8 сая ам.долларын зээлийг авахдаа гэрээнд 2017 оны эхний улиралд багтаан Тавантолгой цахилгаан станцын эхний барилгыг ашиглалтад оруулахаар тусгажээ. Гэвч 14.2 сая ам.доллар зарцуулсан өнгөрсөн 6 жилийн хугацаанд Тавантолгой цахилгаан станцын зураг төсөл нь бэлэн болоогүй байгаа юм. Анх авсан зээлийн санхүүжилт ийнхүү дууссан тул Засгийн газрааас “Тавантолгой цахилгаан станц” ХХК-ийг байгуулж, шаардлагатай санхүүжилтийг олгохыг Сангийн яам болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгажээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 6 жилийн хугацаанд зарцуулсан 14.2 сая ам.долларын үр дүн ийнхүү замхарч Хөгжлийн банкны  14.8 сая ам.доллар салхинд хийсэв. Эрчим хүчний яамны харьяа Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар Г.Ганзул ажилладаг бол “Тавантолгой цахилгаан станц” ХХК-ийн захирлаар Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан Г.Тэнгэр томилогдоод удаагүй байгаа юм.

Б.Тэнүүн /bossnews/

Boss
the authorBoss

1 сэтгэгдэл

  • Эрчим хүчний салбарын ажилладаг ердийн горим нь юм. Эгийн гол, Шүрэн, Орхон-Говь ба Хэрлэн-Говь төслүүд олон арван жил олон зуун сая доллар зарцуулж дээр өгүүлсэн шиг яг адил бариад авах ганц ТЭЗҮ, БОНБНҮ байхгүй байгаа. Дэлхийн банк ба бусад банкуудаас зээл аваад л цаоин өндөр, том том жийп унасан лухайтлаа таргалсан дарга инженерүүд л олширсон байдаг. Салбарынхаа хүлэмжийн хийг бууруулах тооцоогоо ч хийж чаддаггүйй, хийсэн нь амлалт төлөвлөгөө нь мөргөдггүй тийм л салбар даа.

Comments are closed.